16
Галсан эхнэрээ явсаны дараа хөршийнхөө хүнтэй уулзахаар
хаалгыг нь тогшиж үзсэн ч нэмэр болсонгүй. Зүс таних хөгшин эмгэн цонхныхоо
хаалттай хөшигний завсраар сэмхэн харснаа цааш орохыг ГАлсан харж амжжээ.
Галсан “Би хажуу айлын чинь хүн байна аа. Яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм
бэ?” хэмээн чанга дуугаар асуусан ч хэн ч хариу хэлсэнгүй. Хаалгыг нь тогшсоор
байсан ч таг чиг хэвээрээ байсан болохоор Галсан орхи цаашаа хэмээн өөртөө
хэлээд газар нулимж гэртээ орлоо. Оюунчимэг таг чимээгүй болжээ. Түргэний тэрэг
ирээгүй хэвээр. Галсан гэртээ ороод хэсэг азнаснаа охиныхоо зургийн цомгийг
гаргаж үзлээ. Саруулын бүр нялх балчир байх үеийн нь бүх л дүр төрх аз
жаргалтай дурсамжууд Галсангийн нүдний өмнө амилан босч ирэх шиг л болов.
Галсан охиноо үнэхээр их санажээ. Аавынхаа хүзүүн дээр мордож алсыг харна гэж
эрхлэхэд нь загнаж болиулж байснаа бодоод хоолой нь зангираад ирэв. Нэг удаа
төрсөн өдрөөр нь охиноо эрхлүүлж өдөржин хүзүүн дээрээ суулгаж тоглосон. Тэр
үеэс хойш саруул ааваараа бахархаж “Миний аав их өндөр, том биетэй болхоор би
хүзүүн дээр нь суухаараа бүхнийг харж чаддаг” хэмээн ээждээ гайхуулдагсан.
Тэгээд бүр аавдаа “Алсыг харагч” гээд нэр өгчихсөн байсан нь Галсанд санагдав.
Галсан өөрөө ч мэдэлгүй нэг л мэдэхэд уйлчихсан сууж байлаа. Охиныхоо өрөөнд
орж хураалттай байгаа хөнжлийг нь дэлгэж үнэрлэв. Саруулын үнэр хадгалагджээ.
Дотно хөөрхөн энхрийхэн охиных нь үнэр яг хэвээрээ байв. Галсан охиныхоо
хөнжлийг тэврэн хэвтжээ. Энэ үед тэр тэрээр дээр галзуурчихаад байгаа
Оюунчимэгийг түр мартаж орхисон бололтой. Урьд шөнө ганц ч хором цурам
хийгээгүй болохоор Галсан эрхгүй ядарсан байв. Ер нь л сүүлийн өдрүүдэд сайхан
унтаж байснаа тэрээр огтхон ч санахгүй байлаа. Ингээд нэг л мэдэхнээ Галсан дугхийж
орхижээ. Тэрээр дөнгөж нүдээ анин зүүдэлмэгц Батжаргал өөрөөс нь аврал эрэн
гараа сарвайж зоорь луу унаж байгаа дүр зураг үзэгдэн зовооно. Бас Саруул
үзэгдэнэ. Охин нь хаа нэгтээ Галсангийн хэзээ ч очиж үзээгүй тийм газар
ирчихээд аавыгаа ирж авна хэмээн хүлээж байх нь тэр. Гэвч Галсан зүүдэндээ
Саруулын ганцаархнаа уйлж суугаа энэ газрыг хаана байдгийг ердөө санахгүй
байлаа. Огт танихгүй тийм л газар охин нь өөрөөс нь аврал эрэн уйлан дуудсаар.
Галсан ийнхүү аймшигтай муухайгаар хар даран зүүдэлж байсан ч сэрж чадсангүй.
Бүр сүүлдээ өөрийгөө зүүдэлж байгаагаа ч тэрээр сайн мэдсэн хэрнээ энэ нь
сэрэхэд нь нэмэр болсонгүй. Зүүдэндээ тарчлагдан зовсоор байгаа тэрээр хэн
нэгэн хүрч ирээд гараас нь татахад л сэрнэ гэж бодож байлаа. Гэвч харамсалтай
нь хэн ч түүнийг сэрээсэнгүй.
* * *
Өвөл цагийн нарны илч буурсаар харуй бүрий болох дөхөөд
байв. Галсангийн унтаж буй хүүхдийн өрөөний харалдаа байрлах дээд давхрын
өрөөнд байгаа Оюунчимэг амьгүй мэт чимээгүй байсаар сая нэг хөлийн чимээ гаргах
шиг болов. Тэгснээ Оюунчимэгийн байгаа өрөөний хаалга торхийн нээгдэж хэн нэгэн
этгээдийн нэг давхар луу аяархан гэтэн буух чимээ гэрт сонсогдлоо. Удалгүй
галын өрөөний хаалга нээгджээ. Гадаа харанхуй болж байгаа болохор гэр доторх эд
юмс тийм ч сайн харагдахгүй байв. Галын өрөөнд орсон энэ хүн бол Оюунчимэг
байлаа. Үсээ задгайлж тэр нь ширэлдэн харагдах Оюунчимэгийг өөр хэн нэгэн харж
гэмээнэ давхийтэл цочих байсан нь дамжиггүй бил. Тэрээр өрөөний гэрлийг
асаасангүй. Магадгүй гэрэл гэж чухам ямар зүйл байдгийг ч мартчихсан юм билүү
хэн мэдлээ. Нүүрнийхээ урд руу ширэлдэн унжсан үсийг ч хойш нь илэлгүй
улаанаараа эргэлдсэн нүдээрээ том том харж тэмтчин гэтэх тэрээр ямар нэг зүйл
хайгаад байгаа бололтой.
Хоол ... хоол, амттай махаар хийсэн хоол хэрэгтэй байна.
Хаана байна вэ хэмээн амандаа дуулдах төдий шивэгнэх Оюунаа хөргөгч шүүгээ
сэлтийг маш аажимхнаар нээж үзэх аж. Энэ нь магадгүй хэн нэгэнд өөрийгөө
мэдэгдчих вий гэсэн айдас болгоомжлол сэтгэлд нь төрж байгаагаас үүдэлтэй мэт.
Гэхдээ түүний энэ болгоомжлол юунд хэрэгтэй байгааг тааж хэлэхэд бэрхтэй
гэмээр. Оюунчимэг идчихмээр юм олсонгүй. Батжаргал ах аа би танд заавал идэх юм
олж өгнө өө хэмээн амандаа үглэсээр галын өрөөнөөс гарав. Оюунчимэг сэмхэн
гэтэж байлаа. Нэг давхрын хүүхдийн өрөөний дутуу хаалганы завсраар Галснгийн
унтаж байгааг тэрээр тодхон харж амжлаа. Тэгснээ сэрээчих вий гэсэн шиг буцаж
өлмий дээрээ дэгдсээр дээд давхар луугаа зүглэв. Уг нь Галсан сэрүүн байсанбол
яг одоо дээд давхраас дуулдаж байгаа Оюунчимэгийн яриаг сонсох байв. Гэсэн ч
харамсалтай нь Галсан нойрондоо эрхгүй дийлджээ.
-Та тэгээд хоол олдохгүй байвал түүхий мах ч хамаагүй
идмээр байгаа юм уу?
Хэдий Оюунчимэг үнэхээр ингэж хэлсэн ч түүнд хэн ч хариу
хэлсэнгүй. Дахиад л Батжаргалтай ярьж байгаа нь тэр бололтой. Ингээд удалгүй
Оюунчимэгийн орогноод байгаа дээд давхрын өрөөний хаалга хяхтнан дуугарсаар
нээгдлээ. Тэр дуу яг л зүрх зүсэм гэмээр аяархан бөглүү юм шиг хэрнээ тодхон
дуулдаж байсныг нэг давхарт унтаж байгаа Галсан сонсчээ. Гэсэн ч Галсан дээд
давхрын өрөөний хаалга нээгдэж байна даа хэмээн зүүдэндээ мэдсэнээс биш сэрж
чадсангүй.
Оюунчимэг шатаар дахин гэтсээр буугаад шууд гал тогооны
өрөө рүү зүглэв. Удалгүй хөргөгчинд байсан хөлдүү махыг авч тэврээд дараа
шүүгээнээс хутга аваад дээд давхар луу шатаар аяархан өгслөө. Ингэж явахдаа
Оюунчимэг амандаа элдвийг үглэн үе үе амаа таглан цээжээ савлан аальгүйтэн
инээх аж. Уг нь Хэрлэн гэрийнхээ үүдэн дээр очиж буугаад таксины жолоочид
гэрээсээ орж мөнгө авч өгье гэж бодсон ч машин олдсонгүй. Ийнхүү Хэрлэн яах ч
аргагүй машин зам дагаж явсаар гэртээ бараг хүрээд ирлээ. Одоо зөвхөн хэдхэн
гудамж сүлжээд хашааныхаа хаалганы өмнө тулж ирэх байв. Сэтгэлийг нь нэг л
айдас түгшүүр эзэмдээд яаруулж байсан ч охиноо ирсэн юм биш байгаадаа хэмээн
горьдлого тавих Хэрлэнг хэн нэгэн ойлгож гэмээнэ өрөвдөхгүй байхын аргагүй.
Гадаа маш хүйтэн байсан ч байдгаара хурдлан бараг л гүйж яваа Хэрлэн бүр хөлөрч
гүйцжээ. Ингэсээр Хэрлэн удалгүй гэрийнхээ барааг харж дотор нь бага зэрэг
онгойх шиг болов. Өвөл цагийн гэгээ тасарсан харанхуй үдэш ганцаархнаа алхсандаа
айсан болоод ч тэр үү Хэрлэн гэрээ хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэлд автаад
байгаа нь энэ байлаа. Хашааныхаа хаалганд тулж ирээд дотогшоо орох энэ мөчдөө
Хэрлэн дахин айдаст автав. Учир нь хашааных нь гэрэл унтраалттай хэвээр бах
бөгөөд тэр ч бүү хэл өрөөний гэрэл хүртэл асаагүй байгаа нь харанхуйд цонхоор
нь батлагдах нь тэр. Уг нь өдийд Галсан гэрийнхээ ч хашааныхаа ч гэрлийг
асаачихсан байх ёстой санагдана. Гэтэл гэр гадаагүй хав харанхуй хэвээр байгаа
нь Хэрлэнд яах ч аргагүй хачирхалтай санагдав. Түргэний машин ирээд
Оюунчимэгийг аваад явахад нь нөхрөө хамт явсан юм болов уу гэж бодсон ч энэ
бодлоо тэр дор нь үгүйсгэлээ. Учиг нь Галсан Хэрлэнг ирээгүй байхад дуудлагын
эмч нартай яасан ч хамт явахгүй гэж тохирсон билээ. Тэгээд ч өөрийг нь байхгүй
бол энэ айдас муу ёр шингээсэн байшинд ганц ч хором тэсэхгүй гэдгээ Галсанд
хангалттай хэлж ойлгуулсан мэт Хэрлэнд санагдана. Тэгэхээр яалт ч үгүй Галсан
гэртээ байх ёстой бөгөөд харин гэрлээ асаагаагүй байгаа нь хачирхалтай санагдаж
байлаа.
….. Оюунчимэг баруун гартаа атгасан том балиусаа
далайсаар Галсан руу аажимхан дөхөж эхлэв. Харанхуй байшинд нүд нь цусаар
эргэлдэх мэт Оюунчимэг ёстой л шар шувуу шиг харж байгаа бололтой. Тэрээр харин
хашааны хаалга нээгдэж Хэрлэнг ирж байгааг мэдсэнгүй. Оюунчимэг өөрийн нь
махаар Батжаргалд зоог барина гэдгийг Галсан сонссон ч сэрж чадсангүй дэмий л
тийчилж байлаа. Галсан зүгээр л гарнаас нь хэн нэгэн татаад авахад сэрчихнэ
гэдгээ сайн мэдэж байсан ч түүнийг хэн сэрээх билээ. Харин Оюунчимэгийг өөр рүү
нь бага багаар ойртож байгааг мэдэрсээр… Балиусаа улам өндөрт далайн гүд хийтэл
хоолойгоо давуулан шүлсээ залгих Оюунчимэг хөлөө чирэн өөр лүү нь ойртох нь
Галсанд улам тод сонсогдож эхлэв. Одоо ердөө л тав зургаа алхахад Оюунчимэг
Галсангийн унтаж байгаа хүүхдийн орны өмнө тулаад ирэх байлаа. Оюунчимэгийг өөр
лүү нь ойртох тусам Галсан яраглан тарчилсаар.
* * *
… Хэрлэн айдас жихүүдэст хүлэгдэн байшингийн хаалганы
өмнө хөшиж орхижээ. Энэ хаалганы цаана юу байгаа бол гэхээс цус нь царцах шиг
болж яахаа мэдэхгүй эргэлзэн зогссоор. Магадгүй өнөөх зоорин доороос самардсан
ул мөр үлдээж орхисон ад зэтгэрийн этгээд өөрийг нь хүлээж хумса ирлэн суугаа ч
юм билүү. Хэрлэн ийнхүү дагжин чичирсээр хаалганыхаа бариулыг атгаад авсан ч
татсангүй. Хоёр хацраа давуулан нулимс урсгах хөөрхий бүсгүй өөрийн нь хайтай
хамгаас илүү түшиг тулгуур нь болсон эр нөхрөө үхлийн ирмэг дээр байгааг яахан
тааварлах билээ.
* * *
… Галсан зүүд нойрон дундаа өөрийнхөө үхлийг хүлээж байх
нь тэр. Түрүүхэн өөрөөс нь аврал эрэн уйлж зүүдлэгдэж байсан охин нь одоо
аавынхаа үхлийг тохуурхан шоолох мэт ад зэтгэрийн хоолойгоор тас тас хөхөрнө.
Зүүднээсээ бас нэгэн болох гэж буй аймшигт үхлээс давхар айсан Галсангийн хагас
аниатай нүд нь нулимсанд чийглэгджээ. Хичнээн зоримог эр байсан ч аймшигт зүүд болох
нь тодорхой айдсын өмнө ийн өвдөг сөхөрдөг ажээ.
* * *
.. Хэрлэн хаалгаа түлхээгүй хэвээр. Түүний санаанд гэнэт
өнөөх Цэнгэлийн хэлсэн танай нөхөр та хоёр хоёулаа үхнэ гэж хэлсэн үг орж
ирлээ. Бас зоорин доорх шороогоо ух гэсэн үг ч санаанд нь давхар буув. Ингээд л
Хэрлэн “Арай нөхрийг маань..” гэж бодмогцоо хаалгаа зоримогхон түлхэж
хонгилынхоо гэрлийг асав. Саруулын унтлагын өрөөний хаалга нээлттэй байх бөгөөд
орон дээр ухаангүй мэт хэвтэх Галсанг дүрж орхихоор Оюунчимэг хутгатай гараа
өндөрт далайжээ.
-Оюунаа чи яаж байна аа хэмээн Хэрлэн хоолойныхоо хамаг
чадлыг шавхан хашхирав. Эгчийнхээ энэ хашхирах дуунаар Оюунчимэг цочиж эргэж
харсан хэдий ч далайсан хутгаа хаясангүй эргэж хармагцаа тачигнатал инээд алдан
дүрж орхилоо. Хэрлэн хэдий хар хурдаараа харайж очоод үснээс нь зулгаан арагш
нь татаж унагасан ч амжсангүй. Дүүгийнхээ гарнаас хутгыг нь салгах гэж хамаг
тэнхээгээ шавхан ноцолдох Хэрлэн цурхиран уйлж байлаа. Тэрээр Галсанг үхсэн гэж
боджээ. Харин аз болоход хутга Галсангийн мөрийг хальт зүсээд өнгөрсөн бөгөөд
Галсан ч нойрноосоо сая л нэг бүрэн сэрсэн бололтой босоод ирлээ. Оюунчимэг,
Хэрлэн хоёр ухаан жолоогүй шалан дээр өнхрөлдөн ноцолдож байв. Галсан өрөөний
гэрлийг яаран асаагаад эгч дүү хоёрыг салгахаар дөхөв. Оюунчимгэийн нүүр нь цус
хөлсөндөө хутгалдан харлаад хүн харахын эцэсгүй нэгэн болж хувирчээ. Чамайг ч
бас алж иднэ хэмээн Хэрлэн рүү шүлсээ үсэргэн улангасан дайрах Оюунчимэгийг
Галсан бүх биеэр нь тэвэрч аваад татаж холдуулах тэр агшинд тэрээр өнөөг хэр нь
гартаа атгасаар байгаа балиусаараа Хэрлэнгийн хоолойг хэрччихлээ. Цус олгойдон
үсэрч хамаг бие нь салганан тийчлэх Хэрлэн хариугүй амь тавих гэж байгаа нь
Галсангийн нүдэнд харагдах нь тэр. Галсан хоромхон зуур Оюунчимэгийн гарыг
хүчтэй цохиж хутгыг нь алдуулаад өөрийг нь өргөж аваад хана руу шидчихэв.Шалаар
нэг цус болжээ. Хэрлэн хүзүүнээсээ асгарах цусаа хоёр гараараа халхлах мэт
дарсан байдалтай тийчлэн хэвтсээр байгаа нь хараахан үхэж амжаагүйг нь илтгэж
байв.
Галсан нэг мэдэхэд л эхнэрийнхээ дагзан доогуур гараа
хийн жаахан өргөхчөө аяджээ. Хэрлэнгийн амнаас цахиртсан сөөнгө чимээ сонсогдож
нүд нь томрон эргэлдэж байснаа амь тавин хөдөлгөөнгүй боллоо. Галсангийн
нүднээс тасралтгүй нулимс урссаар хамаг бие нь салганан чичирч дэмий л эхнэрээ
тэврэв. Галсангийн хоолой цахиртан сааралтаж чичирхийлж сөөнгөтсөн чимээ
дуулдан бие нь доороо тогтохгүй займчиж эхэллээ. Өрөө тэр аяараа улаан нэлий
цусанд умбаж чимээ аниргүй байдал ноёрхжээ.
-Миний хайрт үхэж болохгүй шүү хэмээн Галсан сая нэг
дуулдах төдий шивнэлээ.
-Хэрлээн, миний хань битгий үх л дээ, гуйж байна. Ямар
нэгэн үг хэлээч ядаж өвдөж байна гээд хэл л дээ.
Тийм, энэ бол эхнэрээсээ хагацаж туйлдаж цөхөрсөн эр
нөхрийн үр байв. Хэрлэн хэрчүүлсэн хоолойгоо хэдийн хоёр гараараа дарсан чигтээ
амьсгал хураасан ч одоо хүртэл цус шүүрсээр. Галсан жаахан сэхээ авч баруун
гараара эхнэрийнхээ хоёр гарыг атгаад Хэрлэнгийн нэг гар нь тас атгаастай
байгааг мэдрэв. Зангидсан гарыг нь тэнийлгэн үзвэл Хэрлэн өнөөх худалдаж авсан
утасны нэгжийн картаа атгачихсан хэвээр байлаа.
Оюунчимэг Галсанд хүчтэй савагдан шидэгдээд ухаан алдсан
байж байгаад сая сэрээд байв. Хэрлэнг ухаангүй хэвтэж байгааг хараад Оюунчимэг
давхийтэл цочих нь тэр. Тэрээр яагаад өөрийгөө ухаан алдсан бас эгч нь яагаад
цустайгаа хутгалдан үхэж хэвтэж байгааг ч санахгүй байлаа. Өнөөх Батжаргал ах
аа гээд сүйд болж байснаа ч бүр мартчихсан өөрөөр хэлбэл оюун ухаан нь одоо л
нэг хэвийн ажиллаж эхлэв. Өрөөний хана шал тэр ч бүү хэл тааз хүртэл цусанд
будагдчихсан энэ нүд хальтрам дүр зургийг хараад Оюунчимэг өөрийн эрхгүй дагжин
чичирлээ. Галсан жаахан сэхээ аваад Оюунчимэг өөр лүү нь айсан харцаар ширтэж
байгааг сая анзаармагцаа шүдээ хавиран гараа зангидав. Тэрээр эхнэрийнхээ
үхэлтэй нэгэнт эвлэрээд одоо харин өшөө авах хүсэлд автан уур хорсол нь оволзон
буцалж байлаа. Саяхан Хэрлэнгийн аминд хүрсэн балиусыг хажууханд нь шалан дээр
унасан байхыг Галсан хармагцаа гартаа атган босож ирэв. Хамаг хувцас нүүр царай
нь улаан цусанд будагдсан Галсангийн нүд өшөө хорслоор буцлан өөр лүү нь
дөхөхөд Оюунчимэг ухаан баларттала айж амь тэмцэн зугтлаа.
18
Оюунчимэг байшингаас гарч гүйж завдсангүй. Учир нь гарах
хаалгыг Галсан халхалж зогсоод өөрийг нь алах гэж занаж байсан учир тэрээр
аргагүй дээд давхар луу хөлийн хурд мэдэн зугтлаа. Галсан түүний араас саяхан
эхнэрийн нь аминд хүрсэн хутгыг гартаа чанга гэгч нь атгасаар “Шулам минь,
хоолойг чинь хэрчээд өгье л дөө” хэмээн мацсаар. Галсангийн нүүр нь цус хөлс
нулимстай хутгалдсан нь гэрэл муутай харанхуй байшинд үл мэдэг ялгаран харагдах
шиг. Жигтэйхэн том биетэй ийм булиа залуу нүд нь цусаар эргэлдэн өөрийг нь
алахаар хутга барин элдэж байгааг харахаар эгээтэй л зүрх нь зогсчихоо шахна.
Оюунчимэг хоёр давхарт гарах хамгийн дээд талын гишгүүр дээр гишгих тэр агшинд
Галсан өнөөх хурц хутгаараа хөлийн нь булчинг зүсээд амжив. Ингэхдээ Галсан шатанд
бүдэрч унаад Оюунчимэгийг хараахан барьж авч чадсангүй. Оюунчимэг хазганан
гүйсээр өнөөх өөрийнхөө орогноод байсан өрөөндөө ороод хаалгаа дотроос нь
түгжлээ. Тэгмэгцээ нэг гүнзгий амьсгаа аваад өөрийн нь хөлнөөс айхтар их цус
алдаж байгааг сая анзаарч харав. Цус маш их олгойдон гоожиж байгааг хараад
эгээтэй л ухаан алдчихсангүй. Оюунчимэг хаалгаа нуруугаараа налан суужээ. Энэ
өрөөний гэрэл харин асаалттай байх бөгөөд түрүүхэн өөрийгөө энд сууж байснаа
Оюунчимэг огтхон ч санахгүй байлаа. Өрөөний шалан дээр энд тэндгүй махны цус
дусалсан харагдах агаад нэг буланд нь дутуу хэмлэж зулгааж орхисон түүхий махны
өөдөс харагдав. Гэхдээ энэ бүхнийг өөрөө үйлдсэн гэдгээ Оюунчимэг үнэндээ л
төсөөлсөнгүй. Түүний нүүр нь гэсэн махны цусанд халтардаж хачин аймшгийн болж
хувирсныг харин өөрөө мэдсэнгүй. Ингэтэл гэнэт Галсан хаалгыг нь цаанаас нь
хүчтэй мөрлөх нь тэр.
-Гичий минь хаалгаа тайл. Би чамайг ална аа хэмээн занах
Галсангийн дууны өнгө өөрийн нь мөн үү гэлтэй. Оюунчимэг хаалгаа налан суусан
хэвээр.
-Галсан ахаа битгий л дээ. Би гуйж байна. Намайг битгий
ал, би танд ямар ч муу юм хийгээгүй шүү дээ
Энэ гуйлтын хариуд Галсан хариу ч хэлсэнгүй. Хаалгыг нь
хүчлэн балбаж зөвхөн “ална аа” хэмээн амандаа үглэнэ. Ингэхэд нь Оюунчимэг
ёстой л нэг нус нулимсандаа хутгалдан хаалгыг хамаг чадлаараа даран зогслоо.
Тэгснээ амь авраарай, намайг алах нь. Хэн нэг нь туслаач дээ хэмээн хоолойныхоо
хамаг чадлыг бартал орилов. Энэ үед Галсан өнөөх хутгаараа нимгэн модоор хийсэн
хаалгыг нэвт дүрэхэд тэр нь яг Оюунчимэгийн гарын алгыг зоож орхижээ. Оюунчимэг
муухай хашхиран чарлав. Түүний энэ орилох дуу үнэхээр зүрх зүсэм, яг л
амьдаараа шатаж байгаа адгуус амьтан ингэж гаслан чарлах болов уу гэмээр.
Галсан хутгаа сугалж аваад ахин бүлэв. Гэхдээ энэ удаад Оюунчимэгийг оносонгүй.
Оюунчимэг ч хаалганаас холдож амжжээ. Гарын нь алгыг нэвт зоосон балиусаа
сугалж авах тэр агшинд үнэхээр гол тасрав уу гэлтэй аймшигтай их өвдсөн учраас
Оюунчимэг ийнхүү яалт ч гүй хаалганаас холджээ. Бас дахин балиусаараа нэвт зоож
мэднэ гэж болгоомжилсондоо ч тэрээр хаалганаас холдсон байж мэдэх. Харин
хаалганы гадна байгаа Галсан улангасан чарлаж хутгаараа хаалгыг хэд хэдэн удаа
хүчтэй бүлээд зогсоо зайгүй өшигчсөөр тэр доор нь нээж орж ирлээ. Оюунчимэгийн
гар хөлнөөс нь цус тасралтгүй урсаж тэсэхүйеэ бэрх өвдөж байв. Тэрээр өрөөний
цонхонд нуруугаар тулж иржээ. Галсан хутгатай гарынхаа ар талаар нүүрээ арчаад
өөр лүү нь шийдэмгий хэрнээ алгуурхан дөхлөө.
-Чиний нөгөө миний махаар хоол хийж өгнө гэсэн Батжаргал
ах чинь хаана байна. Хоёуланг чинь мөчлөөд өгье
-Галсан ахаа та юу яриад байна аа. Намайг битгий алаач
дээ. Би яасан юм бэ?
Галсан харин энэ асуултанд хариулсангүй. Гэхдээ энэ мөчид
түүнд гэнэт эргэлзэх сэдэл төрөв. Өөрийгөө юу хийж байна аа хэмээн хянаж
зогтуслаа. Харин Оюунчимэг өөрийгөө ямар ч авралгүй болсон гэж бодов бололтой
Галсангийн гарт амиа алдсанаас өөрийгөө хороохыг илүүд үзжээ. Тэгмэгцээ
цонхныхоо шилийг нүцгэн гараараа хага цохиод хэлтэрхийг нь хоолойдоо дүрж
орхив. Цонхны шилэнд цус үсрэн будагдаж яг л түрүүний Хэрлэнгийн үхэлтэй ижлээр
Оюунчимэг хоёр гараараа хоолойгоо барин татганан хэвтсээр амьсгал хураалаа.
Тэрээр хэдий амьсгал хураасан ч гэсэн нүд нь хараастай хэвээр байх бөгөөд хүзүү
гар хөлнөөс нь цус асгарсаар байв. Галсан хутгаа шалан дээр алдлаа. Цонх руугаа
дөхөж очоод хартал өнөөх хөрш эмгэн бололтой хэн нэгэн этгээд ум хумгүй
хашаанаас яаран гарах нь харагдав.Тэр эмгэн Галсанг алуурчин гэж бодсон
бололтой.Галсан ч эмгэнтэй уулзаж учир явдлаа тайлбарлаж тусламж дэмжлэг хүсье
гэж өөртөө хэлээд гүйн гарлаа. Хашаанд хэн ч байсангүй, бас эмгэний араас
гүйцэж очлоо гэхэд эмгэн өөрт нь огтхон ч итгэхгүй харин ч бүр айчихна гэж
бодоод зогтусав. Галсан эргэж байшинд орж ирлээ. Энэ үед бүр шөнө болсон
байлаа. Хотоос зайдуу зэлүүд газар учраас хүн машины хөдөлгөөн бүр татарчээ.
Галсан охиных нь унтлагын өрөөнд хайртай эхнэрийн нь
цусанд будагдсан цогцос байгааг гэнэт санав. Гэрийнхээ босгыг даван орж иртэл
унтлагын өрөөний хаалга хаалттай байлаа. Түрүүн Оюунчимэгийн араас улайран
хөөхдөө хаасан байна гэж баймааргүй санагдана. Ямартай ч Галсан очоод хаалгыг
нээж үзэхээр шийдэн дөхөв. Хаалгыг нээх гэснээ нэг л жийрхэхэд тэрээр
эхнэрийнхээ үхсэн байхыг харах болохоор ингэж жийрхэж байгаа хэрэг гэж өөртөө
хэлээд хаалгыг түлхлээ. Өнөөх сүнс чөтгөр гэж нэрлээд байдаг Цэнгэл охин айхтар
түлэгдсэн бололтой нэг нүцгэн эртэй хамт эхнэрийн нь цусыг сорж махыг нь тасдан
идэж байх нь тэр. Тэд Галсанг орж ирснийг ч анзаарсангүй. Үе үе үзэгдэж байсан
Цэнгэлийг яая гэхэд хажууд нь зэрэгцэн сууж эхнэрийн нь цогцсоор хоолож байгаа
түлэнхий нүцгэн эр тэсэхийн айдас төрүүлж байв. Тэр аймшгийн эр өнөөх
Галсангийн зүүдэндээ үзсэн этгээд яг мөн байлаа. Галсан тэссэнгүй. Ер нь энэ
аймшгийн нүд хальтрам дүр зургийг хараад хэн ч тэсэхгүй нь ойлгомжтой билээ.
Хана шал нь Галсангийн нүдэн дээр нь дайвалзан толгой нь эргэж ухаан балартан
уналаа.
19
Энэ шөнө нойтон цас хаялж байлаа. Бүх юм дууссан гэж
батлах гэсэн мэт хорвоо дэлхий тэр аяараа нэг л нам гүм тэгсэн хэрнээ дүнсийн
барайж уйтгар гунигт бүрнээ автан үнэгчлэн нойрсох мэт. Үүр цайж гэгээ орох
хараахан болоогүй байв.
Галсан энэ мөчид сая нэг ухаан оров. Тархи толгой нь
аймшигтай ангалзан өвдөж хамаг бие нь сульдан буларчээ. Өрөөнд хав харанхуй
байх агаад тэрээр ухаан ормогцоо түрүүн эхнэрийн нь цогцсыг идэж байсан хоёр
этгээдийг байгаа эсэхийг нягтлах гэсэн бололтой хоёр нүдээрээ орчин тойрноо
нэгжин харав. Гэхдээ боссонгүй. Өрөөнд хэн ч байхгүй байх агаад нэгэн хар
бараан дүрс ямар ч хөдөлгөөнгүй дүнсийн хэвтэж харагдах нь Хэрлэнгийн цогцос
гэдэг нь тодорхой байлаа. Галсан ийнүү ухаан орсон эхний мөчдөө өөрийгөө
магадгүй үхчихсэн юм болов уу хэмээн эргэлзэж байсан ч удалгүй бүх бодит
орчинтойгоо эвлэрлээ. Хэдэн цагийн өмнө яг өөрийн нь нүдэн дээр эхнэрийг дүү нь
алчихсан, бас тэр дүү нь ч гэсэн хүүе гэхийн завдалгүй амиа хорлочихсон нь
санаанд нь бүдэг бадаг орлоо. Энэ бүгдийг үнэндэ зүүд байгаасай хэмээн эрхгүй
хүссэн ч харамсалтай нь аргагүй бодит явдал гэдгийг Галсан сайн мэдэж байв.
Тэрээр алгуурхан өндийлөө. Түрүүн эхнэрийг нь тасчин идэж байсан өнөө хоёр
харин үнэхээр байсан юм болов уу гэдэгт Галсан эргэлзэж байв. Ямартай ч түрүүн
ухаан балартан унахын өмнө өрөөний гэрэл асаалттай байсан авч одоо унтарчээ.
Түрүүний хоёр унтраасан юм болов уу гэж бодохтой зэрэгцэн нүүрээр нь хүйтэн
хөлс дааварлаад ирэв. Үнэндээ Галсан битгий л тийм зүйл болсон байгаасай эрхгүй
хүсч байсан ч юутай ч өрөөний гэрлийг асаахар зориг шулуудав. Толгой нь
аймшигтай эргэн газар дайвалзаж байсан ч шүдээ зуун унтраалга руу очив. Чаг чаг
хийлгэн хэдэнтээ дарж үзсэн ч гэрэл ассангүй. Чийдэн шатсан эсвэл ток тасарсан
хоёрын аль нэг нь болж дээ гэж Галсан дотроо бодоод Хэрлэнгийн цогцос гулдайн
хэвтэж байгаа зүг рүү эргэлээ. Тэрээр нойтон шалан дээр гишгэн нэг хоёр алхаж
байхдаа энэ нь эхнэрийн нь цус гэдгийг сайн мэдэж байв. Ингээд Галсан нэгэнт
амьгүй болсон Хэрлэнгийн биенд хүрэх гэснээ гэнэт больж зүгээр л орны
бүтээлгээр бүтээж орхив. Эхнэрийг нь идсэн эсвэл үгүй хоёрын алиныг нь ч
мэдсэнгүй. Магадгүй эхнэрийнхээ цогцсыг хэн нэгэн идсэн байхыг харахаас зүрх
алдсан хэрэг биз ээ. Галсан Саруулын унтлагын өрөөнөөс гарлаа. Галынхаа өрөөнд
ормогцоо гэрлийн унтраалгыг дарахад харин өрөө гэрэлтэй болох нь тэр. Галынхаа
өрөөний өнөөх хоолны том ширээгээ шанаагаараа дэрлэн сууж болсон бүх явдлыг
толгойдоо эргэцүүлэн сэргээх гэж оролдов. Энэ бүх амьдралынх нь сүйрэл муу
бүхэн энэ адын байшинд нүүж ирснээс л эхэлжээ. Ялангуяа энэ зоорь. Хэдийгээр
одоо дөрвөлжин модоор шалтай нь холбон хадсан ч энэ дотор урьд өмнө хэзээ нэгэн
цагт болж өнгөрсөн муу ёрын зүйлийн нууц хадгалагдаж байгаа мэт Галсанд
санагдана. Үнэндээ эхнэрийнхээ гэнэтийн харамсалтайгаар үхэлд маш их цочирдсон
ч үүний хажуугаар энэ болсон бүх муу явдлуудын учрыг олохыг тэрээр эрмэлзэж
байв. Гэнэт Хэрлэнгийн “зоорин доорх шороогоо ухаж үз гэж Цэнгэл хэлсэн” гэдэг
үг Галсангийн санаанд орлоо. Тийм ээ магадгүй энд л энэ бүх муу ёрын үйл явдлын
гол нууц хадгалагдаж байгаа байх нь. Ингээд Галсан энэ бодлоо бататгаж учир
битүүлэг муу ёрын үйл явдлын учир шалтгааныг олохоор зоорины хаалгыг эвдэж
эхлэв. Тэрээр зоорины хаалганы хөндлөвч модыг эвдэж байхдаа түрүүн Оюунчимэгийг
үхэх үед хэн нэгэн болсон бүх үйл явдлыг цонхны гаднаас харж амжсаныг саналаа.
Тиймээс удахгүй цагдаа нар ирээд өөрийг нь баривчилна гэдгийг тааварлав.
Тэгэхээр энэ бүхнээс урьтаж учир нь олдохгүй байгаа муу ёрын энэ шйл явдлуудын
учрыг олохоор Галсан хатуу шийджээ. Харин дараа нь яасан ч яахав цагдаа нар
ирээд намайг баривад барина л биз гэж бодно. Тэртэй тэргүй Хэрлэн Оюунчимэг
хоёрын хоёулангийн нь үхэлд өөрийг нь буруутгана гэдэгт Галсан эргэлзсэнгүй.
Харин цагдаа нарт баригдах тэр үед зүгээр л амиа хорлочихно гэж өөртөө хэлнэ.
Ингэж бодмогцоо гэнэт инээд нь ч хүрэх шиг болов. Учир нь түүнд одоо амьд
явахын ямр ч үнэ цэнэ байхгүй болсон бөгөөд зүгээр л өөрийнхөө гэмгүй амьдралын
сүйрлийн шалтгааныг олж мэдээд үхэхсэн гэсэн л сүүлчийн хүсэлтэй үлджээ.
Ингэсээр Галсан удалгүй зоорины хаалгыг эвдэж дууслаа. Өмнө нь Батжаргалтай
хамт доошоо буухдаа хэрэглэж байсан шатаа яг тэр чигээр орхисон нь энэ удаа
харин зол болов. Галсан байшингийнхаа гадна түшүүлж орхисон хүрз, жоотуу хоёрыг
гарч аваад буцаж галынхаа өрөөнд орж ирлээ. Ингэхдээ тэр хаалга нь хаалттай
байгаа Саруулын унтлагын өрөөний зүг ч харсангүй. Сэтгэл нь бүрэн уймарч
ямартай ч эцсийн хүчээ шавхаад ч хамаагүй зоорин доорх шороог ухаад дараа нь
хурдхан үхэхсэн гэхээс байж ядна. Ингээд Галсан зоорины гүн рүү хүрз жоотуу
хоёроо унагаад араас нь галын өрөөний шургуулганд байсан гар чийдэнг барьсаар
шатаар уруудлаа. Энэ удаад Галсанд ямар ч айдас төрсөнгүй. Алдах юмгүй болсон
хүнд айдсын мэдрэмж төрдөггү бололтой. Өмнө нь Батжаргалтай хамт бууж байхдаа
нэг л жихүүцэж байсан бол одоо огтхон ч ажралгүй маш хурднаар бууж зоорины
ёроолд тулж ирэв. Газар бүр хөлдүү биш ч гэсэн ухахад маш төвөгтэй хатуу
байлаа. Галсан амсхийх сөхөөгүй жоотуугаараа газар балбаж доошоо бага багаар
ахиулсаар. Хэдий цаг шахам ноцолдсон ч зоорины ёроолын шороон доороос юу ч гарч
ирсэнгүй. Гэсэн ч Галдсан огтхон ч эргэлзэх юмгүйгээр хүрз жоотуугаараа ээлжлэн
ухсаар. Тэгснээ үе үе гар чийдэн тусган харж ямар нэгэн зүйл гарч ирсэн эсэхийг
ажиглан харна. Тэгээд л дахин жоотуугаараа балбаж гарна. Гэтэл хөлдүү шороо
жоотууны ирэнд өртөн цохигдож байснаа нэгэн лүгхийсэн бөглүүдүү чимээ сонсогдож
ямар нэгэн өөр зүйл цохигдох нь тэр. Галсан жоотуугаа орхин яаран гар чийдэнгээ
тусгаж харлаа. Хүний цогцос байх бөгөөд Галсан жоотууныхаа ирэр тэр цогцсын яг
толгойн тушаа газар нь зоожээ. Хувхайрч өгөршсөн толгой бас нэгэн гарын сарвуу
ил цухуйсан харагдана. Ингээд Галсан цаашаа лавшруулан хүрзээрээ малтаж гарах
нь тэр. Одоо бүх юм тодорхой ив илхэн харагдахаар болов. Том жижиг хоёр хүний
цогцос байх бөгөөд энэ цогцосноос бараг л дан ганц яс нь үлджээ. Том жижиг хоёр
чөтгөр юм биздээ гэж Галсан өөртөө хэлээд хүйтэн шороон дээр тамирдан хэвтлээ.
Өмнө нь хар дарж зүүдлээд сэрэхдээ охиныхоо цамцны товчийг атгачихсан байснаа
энэ агшинд санаж магадгүй энэ хоёр цогцосны сүнс л өөрсдийнхөө буруу газар
булагдсан шарилаа олуулж хойд төрлөө олон гэсэн үйлдэл байсан юм болов уу гэж
тааварлаж байв. Тэр Цэнгэл гэдэг нэртэй биежсэн сүнс бас тэр зүүдэнд нь
үзэгддэг түлэнхий царайтай аймшгийн эр хоёр энд байжээ. Энэ хоёрын сүнс л бидний
амьдралыг баллаж гүйцсэн байх нь. Гэхдээ энэ хоёр цогцос яагаад энд булагдсан
юм болоо. Галсан өөрөө өөрөөсөө асуусан энэ асуултаа өөр хүн хажууд нь байж
гэмээнэ дуулдахуйц чанга дуугаар хэлэв. Ингээд Галсан энэ асуултынхаа хариуг
олж чадалгүй зоориноос гарахаар дээш мацлаа. Шатаар дээшээ өгсөхдөө байрны
хуучин эзнийг олж уулзаад энэ бүхний учрыг асуух хэрэгтэй гэж бодов. Ямартай ч
энэ бүхний учрыг заавал олчихоод үхэхсэн гэсэн бодол толгойд нь эргэлдэж
мацсаар сая нэг галынхаа өрөөнд авиран гарч ирлээ. Гэгээ оржээ. Бодвол өглөөний
зургаан цаг өнгөрч байгаа бололтой. Одоо харин яахаа эргэцүүлэн бодож гараа
өмднийхөө халаасанд хийхэд өчигдрийн Хэрлэнгийн авсан утасны карт хуруунд нь
тэмтрэгдлээ. Гал тогооны өрөөний шүүгээн дээр ч гэсэн яг өөрийг нь хүлээж байх
мэт талийгаач эхнэрийн нь гар утас харагдав. Утасных нь цэнэг хариугүй дуусах
дөхжээ. Ингээд өнөөх картаараа утсаа цэнэглээд хуучин байрны эзний утасны
дугаарыг гар утаснаасаа хайж эхлэв. Ашгүй нэг их хайж сүйд болсонгүй. “Байрны
хуучин эзэн” гэсэн нэрээр дугаар нь хадгалагджээ. Галсан ямар ч эргэлзэх
юмгүйгээр залгаж байшинд болсон явдлуудаас үүдэж ялангуяа зоорины талаар уулзах
хүсэлтэй байгаагаа товчхон ойлгуулав. Өнөөх байрны хуучны эзэн ч өглөө эрт
залгалаа хэмээн цааргалсангүй, харин ч бүр ярихыг нь хүлээж байсан бололтой
гэрийнхээ хаягийг зааж өгөөд яг одоо хүрээд ир хэмээн дууджээ. Галсан гэрээс
гарахаар завдлаа. Байшинд цусны үнэр ханхийх шиг л болов. Гэсэн ч тэрээр дээд
доод хоёр давхарт байгаа эгч дүү хоёрын цогцсыг очиж үзэхийг завдсангүй зүгээр
л гадуур хувцсаа мөрөндөө углав. Өчигдөр шөнийн эхнэрийн нь цогцсыг магадгүй
үнэхээр тасчин идэж байсан тэр үйл явдал үнэн эсэхийг нягталж үзэх гэснээ зүрх
алдан бодлоосоо татгалзав. Гарах хаалганыхаа өмнө тулж ирснээ гэнэт зогтусч
коридортоо өлгөсөн толинд нүүрээ харав. Толинд харсан өөрийнхөө дүрснээс Галсан
цочих шиг болж өөрийгөө үнэндээ таньсангүй. Нүүр нь цусанд, бас зоорь онгичсон
шороотой холилдон будагдаж хүн харахын эцэсгүй болжээ. Ийм царайтай гудамжинд
гарвал хүн битгий хэл нохой хүртэл хараад айх биз гэсэн бодол Галсанд төрж
нүүрээ хүйтэн усаар угаасан боллоо. Одоо л нэг өөрийгөө танихтайгаа болов.
Галсан автобусны буудал руу сажилж очоод хамгийн эхний микро автобусанд суужээ.
Уг автобусанд цөөхөн хүн суусан байх бөгөөд сууж яваа хүмүүсийн ихэнх нь л
хичээлдээ яарсан оюутнууд бололтой. Кондуктур түүнээс мөнгө нэхэхэд Галсан
биедээ ямар ч мөнгөгүйгээ сая саналаа. Тэгмэгцээ ямар ч эргэлзээгүйгээр
бугуйндаа зүүсэн цагаа тайлаад өгчихөв. Кондуктур залуу нэг гайхаж харснаа
цагийг аваад чимээгүй боллоо.
Margaash amjwal svvlchiin bvlgvvdiig tawinaa...
Сэтгэгдэлгүй байна