20
Галсан микро автобуснаас бууж алхах замдаа хамаг сэтгэл
нь хоосон оргиж ухаан нь орж гаран хурдхан шиг л үхэхсэн гэхээс байж ядна.
Ийнхүү сажилсаар 3-4 р хорооллын орон сууцанд байрлах болсон өнөөх муу ёрын
зоорь бүхий хашаа байшингийн хуучин эзнийд ирлээ. Өндөр туранхай биетэй цагаан
царайтай зүс таних залуу Галсанд хаалгаа тайлж өгсөн нь өөрт нь анх хашаа
байшинг худалдсан хүн байв. Галсантай мэндэлсэн боловч Галсан хариу хэлсэнгүй.
Өнөөх зүс таних залуу ч түүнээс хариу үг хүлээсэнгүй гал тогооныхоо өрөөнд
Галсанг дагуулан орж ирээд сандал дээр суулган цай аягаллаа. Галсан тэр цайнд
уруулаа ч хүргэсэнгүй. Галсан үг дуугүй тэр залуу руу хүйтэн харцаар ширтэж
байв. Хашаа байшинг Галсанд худалдсан залуу ч Галснгийн тэр харцыг удаан
тэссэнгүй бололтой чухам яг ямар хэргээр өөртэй нь уулзахаар ирснийг лавлав.
-Анх яагаад тэр байшинг надад тийм хямдхан үнээр яаран
зарсан тухайгаа яриач?
-Тэр байшинд цаашид амьдрах шаардлагагүй болоод. Өөрөөр
хэлбэл би өөр орон сууц худалдаж авсан хэрэг л дээ.
-Битгий худлаа ярь. Надад анх тэр байшинг худалдахдаа чи
тэр зоорины тухай юу ч яриагүй. Бас галынхаа өрөөний тавилгуудыг ч зоорины
тагийг халхалсан хивсэнцэрээ ч үлдээсэн. Чухам яагаад тэгсэн тухайгаа яг
үнэнээр нь надад хэлээд орхи. Зоорин доороос ямар нэгэн чимээ дуулдаж хий
үзэгдлүүд үзэгдэж байсан болохоор чи тэндээс ум хумгүй нүүсэн биздээ. Би чамайг
буруутгах гээгүй ээ. Ердөө л энэ бүхний учрыг олох гэж яваа болохоор чи надад
бүх үнэнээ хэл
Ингэж хэлэндээ Галсангийн нүдэнд шийдэмгий дүр төрх
тодроод ирлээ. Тэгсэн ч өнөөх зүс таних залуу Галсанд энэ бүхнийг хэлэх
шаардлагатай юу гэсэн шиг эргэлзэн харсаар байсанд Галсан яриагаа цааш
үргэлжлүүлэв.
-Тэр хараал идсэн байшинд нүүж орсноос хойг охин минь ор
сураггүй алгаболж эхнэр минь үхсэн. Манай нохой ч үхсэн. Үргэлж тэр зоорь луу
боргон хуцдаг байсаар нэг өдөр жорлонгийн нүх рүү унаж үхсэн. Бас дүү маань ч
тэр зоорь луу унаад эрэмдэг болсон. Галсангийн яриаг анхааралтай чагнаж суусан
өнөөх залуу “зоорь луу унаад” гэсэн үгийг сонсоод царай нь хувираад ирлээ.
Тэгснээ “Чи зоорийг нээж дотор нь ороо юу?” хэмээн асуув.
-Тийм ээ
-Харин би орох нь байтугай нээж ч үзээүй. Үнэндээ шөнө
дунд болод ирэхийн үеэр тэр зоорин доороос хэн нэгний нүдэх балбах чимээ
дуулддаг байсан. Эхнэр хүүхдүүд маань ч шөнө болгон хар дарж зүүдлээд нэг л
учир нь үл ойлгогдох зүйлүүд болоод байх шиг байсан нь үнэн. Гэхдээ би тэр
байшинд тийм ч их удаагүй. Ердээ л ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд байсан.
-Чамаас өмнө ямар хүмүүс тэр байшинд байсан юм бэ?
-Тэр талаар сайн мэдэхгүй. Ямар ч би тэр байшинд орох
үедээ өмнөх эзэн нь галзуурчихсан, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай олж
мэдсэн. Тэр өмнөх эзэн нь уг байшинд их олон жил амьдарсан гэсэн. Бас тэр хүн л
чиний яриад байгаа тэр зоорийг битүүмжилж хадсан байх. Гэхдээ би түүнтэй уулзаагүй.
Тэр хүнээс авлагатай байсан хүнээр зуучлуулан тэр байшинг маш хямд үнээр
худалдаж авсан л даа. Тэгээд л тэр байшинд удааж тэсэж чадаагүй нүүсэн хэрэг.
-Тэнд амьдарч байхад чинь чамд өөр ямар нэгэн зүйл
тохиолдож байсан уу. Шуудхан асуухад ямар нэгэн муу зүйл. Бас тэр дүлий дүмбэ
царайлсан хөршүүдийн ухай чи юу мэдэх вэ?
-Тэр хөршүүдтэй нэг ч үг сольж үзээгүй. Хажуу айлынхан
биднээс дандаа л цэрвэдэг байсан. Хавь ойрын хүмүүсээс сураг сонсоход миний
амьдарч байсан, одоо чиний байгаа тэр байшинд хүмүүс ердөө тогтдоггүй дандаа л
муу зүйл болдог байсан тухай сонсож байсан. Нэг удаа гал тогооных нь өрөөнд
байгаа тэр зоориноос нэгэн аймшгийн амьтан гарч ирж байна гэсэн яг ижилхэн
зүүдийг эхнэр бид хоёр зүүдэлсэн. Тэгээд л сэжиглээд лам авчирч үзүүлэхэд энэ
байшинд чинь муу хүмүүсийн сүнс шүглэсэн байна гээд л манайхыг хурдан нүү, бас
зоорины тагийг хэзээ ч бүү нээ тэгвэл үхэл дагуулна гэж айлдсан
Галсан энэ үгийг сонсоод анх тэр зоорийг нээсэн мөчөөс
эхлэн хайртай нохойноос нь эхлээд бүгд үхэж үрэгдснийг санан харамсч шүүрс
алдлаа. Галсан хэдэн хором бодлогшрон сууж байснаа үргэлжлүүлэн асуув.
-Новш гэж, тэгээд л чи тэндээс ум хумгүй нүүгээ юу?
-Тийм ээ. Гэхдээ би чамд тэр байшинг зарна гэж хэлээгүй
шүү дээ. Зүгээр л эхнэр маань хашаа байшингаа зардаг ч юм билүү гээд ажлынхаа
хүнд хэлэхэд танай эхнэр чинь тэр хүнээс нь олж сонсоод анх сонирхсон . Би
авсан үнээрээ л зарна гэж бодоод тийм хямд үнэ хэлсэн хэрэг л дээ. Шуудхан
хэлэхэд би өөрөө хохиролгүй үлдэхийг хүссэн. Гэхдээ чамд ямар нэгэн муу муухай
явдал болно гэж зөгнөж зараагүй. Магадгүй өөр хүн тэр байшинд орвол зүгээр ч
байх юм билүү л гэж бодож байсан. Одоо харин би чамд тохиолдсон бүхэнд чинь
харамсаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ чамаас уучлах гуйх шаардлага
байхгүй гэж бодож байна.
Ингээд Галсан тэр залуугаас дахин өөр зүйл шалгаасангүй
гарч одлоо. Угаасаа л том жижиг хоёр чөтгөр шүгэлсэн муу ёрын байшин байж л дээ
гэж өөртөө хэлэн алхаж байв. Тэрээр нэг л мэдэхэд Шар хадны сэтгэцийн эмнэлгийг
чиглэн алхаж байлаа. “Муу хүмүүсийн сүнс шүглэсэн байна гэж хэлсэн гэнэ ээ?
Тэгвэл тэр хүмүүсийн нь тухай олж мэднэ дээ” хэмээн тэрээр өөрөө өөртөө хэллээ.
Галсан эмнэлгийн үүдэнд тулж иржээ. Үе үе толгой нь эргэж бодит орчноос тасрах
шиг болж байгаа тэрээр өөрийгөө бас юу юунаас илүү тэр чөтгөрийн байшинг
сэтгэлдээ хараан зүхэж байлаа. Галсан эмнэлгийн манаачид хүнтэй уулзах гэж
байгаа гээд азаар амархан дотогшоо нэвтэрчээ. Галзуурч сэтгэцийн өөрчлөлтөнд
орсон хүмүүсээр дүүрсэн энэ эмнэлгийн тасгуудаар тэрээр нэг мэдэхэд л тэнэж
байх нь тэр. Ухаан нь орон гаран болж эхнэр охин нь нүдэнд нь үе үе үзэгдэхэд
Галсан энд чухам яах гэж ирсэн зорилгоо ч мартаж орхив бололтой. Гэнэт
Галсангийн сонирхлыг эрхгүй татаж тарж бутарсан ухааны гнь цуглуулахад хүргэсэн
нэгэн үйл явдал болсон нь нэг галзуу этгээдийн яриа байлаа. Галсан тэр хүний
яриаг чагнаад эрхгүй зогтуслаа
-Муу новшийн хараал идсэн зоорин доороосоо хурдхан шиг
гараад ирээч ээ. Чамайг тэр доор үхсэн хэвтэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ
л чи шөнө болохоор тэр хүйтэн зоориноос гарч ирэх гэж зүтгэдэг биздээ. Бас
чиний тэр охин ч гэсэндээ юугаа хийгээд там руугаа тонилохгүй сүнс нь намайг
ээрээд байгаа юм бэ аан? Хэмээн хараан зүхэж байгаа нь хаалга нь хагас нээлттэй
өрөөний цаанаас тодхон сонсогдож байв. Галсан өрөөний хаалгыг гүйцэд нээж
харахад хижээлдүү насны халзан толгойтой эр шал руу ширтэн дээрх яриагаа
үргэлжлүүлэн хараан зүхсээр байв. Галсан өрөөнд орж түүний дэргэд дөхөж ирлээ.
-Та тэр зоорины тухай өөр юу мэдэх вэ? Гэж Галсан асуув.
Өнөөх халзан толгойтой галзуу эр ч Галсанг тээршаасангүй. Харин ч өөрийг нь хэн
нэгэн тоосон явдалд баярлав бололтой Галсан руу харан үргэлжлүүлэн ярилаа.
-Чи тэр байшинд миний дараа очиж амьдарсан байх нь ээ. Ха
хаби мэдэж байна. Яав тэр хараал идсэн новшийн зоорийг нээж үзээ юу? Хэмээн
асуусан ч Галснгийн хариулахыг хүлээлгүй яриагаа цааш үргэжлжлүүллээ.
-Битгий тагийг нь нээгээрэй. Тэр хараал идсэн зооринд
чинь муу ёрын махчин хүний сүнс хоригдсон байгаа. Хэрвээ нээх л юм бол чи
дуусна гэж мэд. Үл таних халзан эр ингэж хэлээд долоовор дунд хуруунуудаа нийлүүлэн
хоолойгоо хэрчиж үзүүлэв. Бас нэг новшийн охин тэр зоорийг нээх гэж чамайг
ээрэх байх.
-Гишгэсэн мөр нь цасан дээр үлддэггүй тэр охин уу?
-Дүү минь дээ, чиний нүдэнд асар их зовлон хурсан
харагдаж байна. Чи тэр хараал идсэн байшинг ялангуяа тэр зоорийг заавал
шатаадаг юм шүү. Миний ярианд энэ хүмүүс итгэхгүй энд ингээд хорьчихсон юм.
Бушуухан шиг очоод шатаа. Тэгэхгүй бол олон хүмүүсийг сүйд хийж мэдэх гайтай
байшин шүү. Заавал шатаа. Муу ёрын сүнс орогносон газрыг шатаахгүй бол тэр нь
биеждэг гэдэг. Аягүй бол одоо чамайг энд ингээд явж байхад чинь биежээд эхнэр
хүүхдийг чинь цусалж байж мэднэ.
-Тэр байшинг анх хэн барьсан юм бэ? Ялангуяа тэр зоорийг
хэн ухсан юм та юу?
-Тийм ээ чи яаж таав аа. Би барьсан юм, би ухсан юм.
Харин гай болж тэр новшийн шатаж шхсэн махчны үхсэн газар байшингаа барьснаа
даанч мэдээгүй. Чи тэр байшинг олон юм ярилгүй хурдхан очоод шатаа. Дуулав уу
чи. Одоо эндээс зайл.
Халзан толгойтой галзуу эр ингэж хэлээд тачигнатал
хөхрөөд ирлээ. Тэрээр инээж багйаа хэрнээ нүднээс нь нулимс урсаж байх аж.
Тасралтгүй инээж байснаа юу ч болоогүй юм шиг гэнэт зогтусч төв царайлан Галсан
руу айсан нүдээр ширтлээ.
-Муу ёрын чөтгөр орогнох газраа олчихоороо улам
хүчирхигждэг. Цаад новш чинь газар доор байхдаа улам хүчирхэгжиж магадгүй биежсээр
байгаа. Тэгсээр нэг л өдөр гараад ирнэ. Түүнийг хэн зогсоож чадахгүй. Ямар ч
цоож түгжээ түүнийг хорьж хүчрэхгүй. Тэр бол адгийг аймшигт араатан гэж мэд.
Үхсэн мөртлөө үхдэггүй, хий хоосон мөртлөө бодитой, чи тэрийг харахгүй байсан ч
тэр чамайг харж л байгаа. Залуу минь түүнээс болгоомжил, чи бол жинэхэн хүн
учраас түүнээс болгоомжлох хэрэгтэй. Бас тэр ад зэтгэрийн новш адын “ухаантай”.
Гэхдээ түүний бүх ухаан нь зөвхөн идэхийн тулд л ажилладаг. Түүнтэй хэзээ ч
битгий учир, тэгээд новшийн оромжийг нь шатаа. Ямар ч үнээр авсан байсан
хамаагүй тэр хараал идсэн байшинг үнсэн товрог болго. Одоо харин гөлрөөд
байлгүй хурдан зайлж үз. Тэр чамтай тэмцэлдсээр байгаа шүү. Тэр байшинг устгах
гэсэн боловч би чадаагүй, тэд надад бас саад болсон. Чамд ч гэсэн ялгаагүй саад
болох л болно. Гэхдээ л заавал тэр новшийн оромжийг үгүй хийх хэрэгтэй.
Галсан яахаа мэдэхгүй тэр этгээдийг харан зогсож байтал
хажуугийн нь орон дээр хэвтэж байсан нэг хүүхэн Галсанд хандаж”Чи одоо яв даа.
Наад ахын чинь эхнэр хүүхдийг нь махчны сүнс үхүүлчихсэн гэсэн” гэх нь тэр.
Галсан энэ үгийг хэлсэн хүүхэн рүү харцаа шилжүүлээд хэсэг чимээгүй гөлөрч
байснаа “Харин чи яагаад энд байгаа юм бэ?” хэмээн ямар ч бодолгүй зүгээр л
зорилгогүй асуув. Би энд байх дуртай болоод л байгаа юм аа. Энэ эмнэлгийн
хөргөгчнөөс орой болохоор манай нөхөр гарч ирдэг. Аягүй бол чамайг надтай
хардаж мэднэ, манай нөхөр их хартай шүү. Одоо ирэх цаг нь болж байна чи,
түргэхэн шиг явж үз. Би хөргөгчний дуугарахыг хүлээж байгаа.
Ингэж хэлээд эл бүсгүй тэсвэрлэхийн аргагүй чангаар
хашхирч эхлэх нь тэр. Бүсгүйн хашхирах дуунаар цагаан нөмрөгтэй эрэгтэй эмэгтэй
хоёр сувилагч орж ирээд “Бурмаа тайван бай” гэсээр дарж хэвтүүлээд судсанд нь
тариа хийлээ. Тэгмэгцээ Галсанг сая анзаарч хараад та юун хүн, энд юун гадны
хүн явж байдаг билээ гэсээр ум хумгүй хөөж гаргалаа. Хамгаалалтныхыг дууд,
цагдаад барьж өг хэмээн эмч сувилагч нар хашхирч байсан ч Галсан тэр эмнэлгээс
яаралгүй гарч одлоо. Галсанд одоо бүх зүйл тодорхой болсон мэт санагдаж байв.
Өглөө гэрээсээ гарахдаа авч гарсан гар утсанд нь өч төчнөөн дуудлага, бас хэд
хэдэн мессеж ирсэн байсныг Галсан сая анзаарч харав.
Өвлийн илч муутай сүүмгэр наран Галсангийн амьдралын
төгсгөлийг зөгнөх мэт ёлтойж хүйтэн салхи сэвэлзэнэ. Галсангийн бодолд Саруул
охин нь бүдэг бадаг үзэгдэх шиг болж нүд нь үе үе харанхуйлан бүдчин алхана.
Ийнхүү ундуй сундуй алхсаар Галсан арайхийн жаахан сэхээ авлаа. Түүний сэтгэл
төсөөлөхийн аргагүй хямарч оюун ухаан нь бүр балран мөхөө юу гэлтэй. Галсан
утсан дахь мессежийг уншихаар завдав. Согтуу хүн шиг гар хуруу нь эвлэхгүй
байсаар арайхийж утасныхаа хэдэн товчлуурыг дарж хэд хэдэн мессеж ирсэн байсны
эхнийхийг нь үсэглэн уншив.
“Дүүгийн чинь бие улам дордоод үхэх нь байна. Хэрлэн та
хоёр яагаад одоо болтол ирэхгүй, утсаа ч авахгүй байгаа юм бэ. Цагдаа нар
хүртэл ирээд та хоёроос байцаалт авна гээд хүлээж байна” Галсан энэ хэдэн
мөрийг арайхийж үсэглэн уншлаа. Дараа дараачийн мессежийг нээж үзсэнгүй. Бодвол
Батжаргал ч гэсэн үхээ биздээ хэмээн Галсан амандаа үглэсээр нурууга цэх болгон
гэрийнхээ зүг алхлаа. Гэтэл харин зам дагаж явсан түүний хажууд такси ирж
зогсоод жолооч нь “Унаа авах уу?” гэж чангаар асуув. Галсан үг дуугүй орж
суугаад оршуулгын газартай ойр байрлах гэрийнхээ хаягийг хэлж өглөө. Жолооч ч
холхон газар очих боломжийн халтуурын ажил оллоо хэмээн хөөрцөглөж заасан газар
луу нь хурдлан давхив.
21
Галсан элий балай амьтан ухаан мэдрэлгүй шахам жолоочийн
хажууд суун осолдохгүй л амьсгалж байлаа. Гар утасных нь цэнэг дуусч байгаа
дохио өгөн хаанах нь мэдэгдэхгүй нэг хэлээр жаахан хүүхэд нэг юм хэлнэ. Бодвол
утасны чинь цэнэг дуусч байна гэж л хэлээд байгаа бололтой. Үүнийг сонссон
таксины жолооч Галсангийн гар утсыг ёстой амаа олохгүй магтаж гарах нь тэр.
-Манай охин яг чинийх шиг ийм утастай болмооор байна гээд
л намайг ердөө амраадаггүй шүү. Ер нь наад утас чинь ямар үнэтэй байдаг вэ?
-Мэдэхгүй ээ. Манай талийгаач эхнэр л худалдаж авсан. Чи
намайг гэрт минь үнэгүй хүргэж өгөөд жаахан бензин нэмээд өгчих. Тэгээд энэ
утсыг өөртөө ав тэгэх үү. Одоо надад хэрэггүй, охиндоо өгнө биз.
-Үнэн ярьж байгаа биздээ найз минь хэмээн жолооч
санамсаргүй хожоотой наймаа хийх болсондоо урамшин инээд алдан асуулаа.
-Би худлаа яриагүй ээ, үнэн. Галсан ингэж хэлж жолоочийн
санааг амраагаад гэртээ нэлээн дөхөж ирснээ сая анзаарч бас одоо оройн 17 цаг
болох дөхөж байгааг мэдэж авав. Хоолойноос нь цус олгойдож байсан эхнэрийн нь
үхэл нүдэнд нь харагдах шиг болж гэнэт огиудас нь хүрэв. Бас Оюунчимэгийн
өөрийгөө хоолойгоо шилээр дүрж хороосон нь ч санаанд нь оров. Ингээд Галсан
жолоочид машинаа зогсоо гэж бараг л хашхирах шахам хэлээд зогсоов. Жолооч ч
амласан ёсоор багаажиндаа хадгалж явсан таван литрийн хуванцар савтай бензинийг
Галсангийн гарт атгуулахад Галсан оронд нь гар утсаа өгөв. Ингээд Галсанг
хүргэж ирсэн таксины жолооч эр түүнийг бодлоо өөрчлөх вий гэсэн шиг ум хумгүй
ирсэн замаараа буцаад давхиж одлоо. Галсан яг одоо үхэхийг үнэхээр их хүсч
байлаа. Гэхдээ үхэхээсээ өмнө амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн махчны сүнс
шүглэсэн гэгдээд байгаа муу ёрын байшинг шатааж өшөөгөө авах зорилго өмнөө
тавьжээ. Түрүүний эмнэлэгт уулзсан энэ муу ёрын байшинг барьсан эр “Муу ёрын
сүнсний орогносон газрыг хурдхан шатаахгүй бол тэр сүнс нь биежчихнэ” гэсэн үг
Галсангийн чихэнд цуурайтсаар байлаа. Галсан маш ихээр тамирдан ядарчээ. Тэрээр
таван литрийн саваар дүүрэн бензинийг арай ядан өргөсөөр гэр лүүгээ бага багаар
дөхөж байв. Гэтэл Галсангийн араас нэг эмэгтэй хүн “Хүүе Саруулын аав аа”
хэмээн дуудах нь тэр. Саруул гэсэн охиныхоо нэрийг сонссон Галсан сандарч
догдолсон нүдээр эргэн харахад өнөөх өмнө нь гэрт нь ирж байсан охиных нь
ангийн багш Ганцэцэг байв. Тэрээр Галсан руу дөхөж ирээд
-Охиноос чинь одоо болтол сураг гараагүй л байна уу?
Хэмээн асуулаа
-Үгүй ээ гараагүй л байна
-Ээжийн нь санаа зовоод сүйд болж байгаа байх даа?
-Ээж нь өөд болсон
-Өө яана аа. Уучлаарай би мэдсэнгүй. Их эвгүй юм
асуучихлаа.
-Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Тэр муу хараал идсэн
байшингаас л болж байга нь тэр.
Ганцэцэг ГАлсангийн саяын үгийг сонсоод бага зэрэг бодолд
автсан мэт царайлав. Тэрээр Галсантай зэрэгцэн маш удаанаар алхаж байснаа
-Нээрээ ч тийм байж мэднэ. Танай тэр байшинд ердөө айл
тогтдоггүй гэж хүмүүс ярилцдаг юм билээ.
-Энэ байшинг баригдахаас өмнө тэнд юу байсан юм бэ?
Галсан ингэж асуухдаа Ганцэцэг рүү огтхон ч харсангүй зөвхөн өмнөх замаа л
ширтэн алхана. Тэрээр одоо юу ч сонссон сонирхохгүй байсан бөгөөд хурдхан шиг л
очиж амьдралыг нь балласан муу ёрын байшингаас өшөөгөө авахын түүс болж байлаа.
Ганцэцэг Галсангийн асуултанд хариулах гэж байгаа
бололтой ээрч түгдэрч байснаа ярилаа.
-Өмнө нь тэр газар өнөөх Цэнгэл гэдэг охин чинь аавтайгаа
амьдардаг байсан юм билээ. Одоогийнх шиг ингэж олон айл тэр газар бууж
зүрхэлдэггүй байсан. Тэр охин дандаа л нэг хэвийн дүрэмт хувцастай явдаг, тэр
нь хог шороонд хутгалдчихсан, заримдаа бүр цус болчихсон харагдах нь элбэг тохиолдоно.
Энэ хавийнхан тэр хоёрт их дургүй байдаг байсан юм. Учир нь тэр аав охин хоёрыг
цогцосоор хооллодог гэж ярилцдаг байсан. Харин нэг удаа хүүхдээ энэ энгэрт
нутаглуулсан эцэг эх ах дүү нар нь шарилыг нь эргэхээр очтол өнөөх аав охин
хоёр чинь шарилыг нь ухаж аваад идэж байсан гэдэг. Үнэхээр аймшигтай. Тэгээд л
олон хүмүүс сэжиглээд тэр махчин аавыг нь алаад шатаачихсан, охиныг нь ч гэсэн
хороогоод ноорхой гэрийн нь тэр буурин дээр хамтад нь газар ухаад булчихсан
гэдэг. Гэхдээ энэ бол цуу яриа л даа. Ямартай ч бараг арваад жилийн өмнө
үнэхээр л Цэнгэл гэдэг охин манай сургууль дээр үе үе ирдэг байсан юм. Аймар
муухай өмхий үнэртэй гээд хүүхдүүд их сэжиглэж тойрч гүйлддэг байсан санагддаг.
Тэр үед би дунд ангид сурч байсан тухайгаа танд дээр хэлсэн шүү дээ.
Галсан Ганцэцэгийн энэ хэлсэн бүгдийг нэг бүрчлэн сонсож
авлаа. Галсанд бүх юм тодорхой болсон мэт санагдана. Гэхдээ ганцхан зүйл л одоо
болтол таавар хэвээр үлдээд байгаа нь Саруулын сураг өнөөг хэр нь гараагүй
явдал байв. Галсан Саруулын ангийн багш Ганцэцэгт баяртай ч гэж хэлэлгүй зам
салан гудамж тойрон эргэлээ. Галсан цогцосоор хооллодог махчин хүмүүсийн
сүнсэнд манай гэр бүл нэг мөсөн хорлогджээ хэмээн амандаа үглэн байшин руугаа
бага багаар дөхсөөр байв. Түүнийг бага байхад нь эмээгийн нь ярьдаг байсан “Муу
хүний сүнс төөрч будилаад бусдад гай болдог юм” гэдэг үг одоо л үнэн юм шиг
Галсанд санагдаж байлаа.
Галсанд өнөөх амьдралыг нь сүйтгэсэн ад зэтгэрийн байшин
одоо тодхон харагдахаар болжээ. Тэрээр “хэдэн мөчийн дараа чамаас юу ч үлдэхгүй
болтол шатахыг чинь харна аа” хэмээн амандаа үглэн эцсийн хүчээ шавхан алхсаар
байв. Түүний толгойд энэ хараал идэж махчин этгээдийн сүнс орогносон байшинг
газрын хөрснөөс арчиж хаяхгүй бол дараачийн удаа олон хүнд гай болно гэсэн
бодол төрж тэр бодол нь өөрийгөө эцсийн хүчээ шавхан алхахад хүргэж байлаа.
Галсан бүр аргагүй тамирдан ядарчээ. Хэрлэн Оюунчимэг хоёрын үхэл нүдэнд нь
харагдаж Батжаргалын аврал эрэн зоорь луу унаж байсан хар дарсан зүүд нь хүртэл
санаанд нь давхар давхар орж ирж байлаа. Энэ мөчдөө Галсан газар дээр ганц
хайртай охиноо амьд мэнд байгаасай хэмээн эрхгүй хүсч байгаагаа мэдэрч байв.
Магадгүй энэ ертөнц дээр өөрийн үр удмаа үлдээх гэсэн түүний энэ санаа сүүлчийн
нь хүсэл байсан биз. Галсан хашаандаа хүрэхэд арваадхан алхам үлдээд байгаа энэ
үедээ таварцаглан ойчиход авч яваа савтай бензинийх нь таг мултарч асгарав.
Галсан уг бензинийг асгахгүйг хичээн хамаг тэнхээгээ шавхан өндийж саваа өргөх
гэсээр байтал бараг тал газар асгарчээ. Гэхдээ үлдсэн тал нь байшинг шатаахад
хангалттай хүрнэ гэж өөртөө хэлсээр хашааныхаа хаалганд тулж ирэв. “Чамайг даа”
хэмээн шүд зуун хэлсээр Галсан хашаандаа ороод шууд л байшингаа тойруулан
бензинээ цацаж гарлаа. Байшин дотроо ч орсонгүй. Магадгүй дотроос нь ямар нэгэн
юм авах хэрэг ч түүнд байсангүй бололтой. Энэ байшинг шатаагаад дараа нь амиа
хорлон энэ новшийн амьдралаас хагацна гэж бодож байгаа түүнд ямар нэгэн эд юмны
хэрэг байхгүй нь ч аргагүй биз ээ. Ингээд Галсан байшингаа тойруулж бензинээ
цацаж дуусаад үргэлж халаасандаа авч явдаг асаагуураа гаргаж ирэх мөчид “Зогс,
бүү хөдөл” гэсэн захирангуй дуу ард нь сонсогдох нь тэр. Цагдаа нар түүний
байшинг отож байжээ. Хашааны гадна талаас бас байшингийн булан тойроод өч
төчнөөн зэвсэглэсэн цагдаа нар гарч ирэхэд өнөөх өчигдрийн аллагын гэрч болсон
хажуу айлын өгөр эмгэн ч хамт гарч ирж харагдав. Галсан тэднийг үнэндээ огтхон
ч тоолгүй нэг гайхаж харснаа асаагуураа гаргаж асаахыг завдтал буун дуу тасхийж
Галсан асаагуураа алдлаа. Цагдаа түүний гар луу нь бууджээ. Гэсэн ч Галсан
дахин тонгойж нөгөө гараараа асаагуурыг авах гэхэд цагдаа нар түүнийг барьж
аваад дарж унаган гавлалаа. Галсан эцсийнхээ хүчийг шавхан тэмцэж байшинг
шатаахыг хичээсэн ч яаж ч чадсангүй. Энэ үед хашааны үүдэн дээр хэд хэдэн
цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар ирж зогслоо. Галсан байшинг шатаагаад
өгөөч хэмээн байдгаараа хашхиран орилсоор. Түүний үгийг цагдаа нар сонссон ч
үгүй. Харин дарга нь бололтой нэгэн энгийн хувцастай махлаг эр “амаа тат” гээд
шанаанд нь улаа бутартал цохиод авав. Тэгснээ нөгөө гартаа барьсан станцаараа
“Нөгөө хоёр хүний хоолойг огтолж алсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчиллаа.
Хэрэгтэн хэргийн газраа шатаахыг завдсан ч манай мэргэн бууч үйлдлийг газар
дээр нь таслан зогсоосон” хэмээн мэдэгдээд хэрэгтэнг машинд суулга гэж тушаав.
Гэтэл энэ үед Галсангийн нөгөө эчнээ танил болоод бүр загнуулаад амжсан хэсгийн
цагдаа хүрч ирээд Галсанг цохисон саяын даргад илтгэлээ. Гэмт хэрэгтэн
Галсангийн ор сураггүй алга болсон гэгдэж байсан охин Саруулын цогцсыг
оршуулгын газрын ойролцоогоос оллоо. Хэрэгтэн охиноо зориуд төөрүүлж алаад
эхнэр бусад дүү нараа ч хүйс тэмтэрсэн бололтой. Хэрэгтний гуянд нь хүндээр
шархдуулсан Батжаргал хэмээх дүү нь хэдхэн цагийн өмнө эмнэлэгт шархны
халуунаар өөд болсон мэдээ ирсэн хэмээн мэдэгдэв. Галсангийн зүрхээр хатгуулаад
явчихлаа. Хилсдсн бүх үйлдлүүдийг үл тоолоо гэхэд охиных нь үхсэн тухай мэдээ
хөөрхий эцгийг галзууруулахад хүргэв. Галсан “Миний охин Саруул үхэх ёсгүй”
хэмээн хамаг чадлаа шавхан эсэргүүцэж байсан ч цагдаагийн машинд чихэгдэн
орлоо. Энэ үед Галсан өөрийг нь сугадаж яваа цагдаа нарын нэгнийх нь буу
хуйндаа сул байгааг харж амжив. Галсан ухаан мэдрэлгүй шахам тийчлэн орилж
машин хөдлөх агшинд шатааж амжаагүй муу ёр шүглэсэн байшин руу эцсийн удаа
харахад цонхны цаанаас өнөөх хувхай царайтай Цэнгэл охин инээмсэглэн ширтэж
байв. Харин үүнийг нь Галсангаас өөр хэн ч анзаарсангүй.
Галсанг суулгасан цагдаагийн машин дөнгөж хөдөлмөгц уг
машин дотроос буун дуу тасхийх чимээ гарч орчлонг цочоолоо.
1 сэтгэгдэл:
Aimshigtai ym. zohioson hun n yaj ingj setgedeg bnaa. kinonoos ch iluu, hariugu shokond orood heleh ch ug alga blchloo..........