6
Даваа гарагийн энэ өглөө Галсангийн гэрийнхэн хоорондоо
юу ч ярьсангүй. Уг нь өглөөний цай болгон дээр ямар нэгэн хөгжилтэй зүйлийн
тухай ярилцаж инээлдэцгээдэг байсан бол энэ удаа ядаж хэн нэгнээс нь хоолойгоо
засах чимээ ч гарсангүй. Саруул охин жаахан идэж уусан болоод хичээлийнхээ
цүнхийг үүрэн яаран гарч одлоо. Шөнийн болсон явдал одоо болтол санаанаас нь
гарахгүй байгаа Галсан охиндоо баяртай ч гэж хэлж чадсангүй. Удалгүй Галсан ч
ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа эхнэртээ “Болгоомжтой байгаарай. Юмыг яаж мэдэхэв,
зоорь луу битгий ойртоорой” гэж хэлээд гарч одлоо. Харин Хэрлэн ганцаархнаа
шинэхэн орсон байшиндаа айдас түгшүүрээс өөр ханьгүй хоцрох нь тэр.
Хөршүүдтэйгээ танилцах гэж оролдсон ч яагаад ч юм өөрөөс нь нэг л дөлж дуугарч
ядаад болсонгүй.Хөршүүдтэйгээ танилцаж чадаагүйдээ Хэрлэн урам муутайхан гэртээ
буцаж ороод дутуу цэгцэлсэн сав суулга, хувцас хунартай ноцолдлоо. Ингэж
байхдаа ч тэр Хэрлэн хөршүүдийн өөрийг нь огт тоохгүй, илэрхий зугтаж байсан нь
бодогдож “Сүнс чөтгөр харсан амьтад шиг юун ч сүртэй юм бэ дээ” хэмээн өөрийн
мэдэлгүй амандаа үглэв. Тэрээр дээд давхартаа гарч хураалттай хогшил
хэрэгслээсээ ойр зуур хэрэглэх зүйл олдож мэдэх юм гэж бодоод ухаж гарав. Ухах
тусам л улам сонирхолтой санагдаж бүр хэдэн цагаар суучихав. Гэтэл доод давхарт
нь түжигнэх чимээ дуулдав. Охиноо ийм эрт хүрээд ирсэн юм болов уу хэмээн бууж
ирсэн хэдий ч хэн ч байсангүй. Арай дахиад л өнөөх зоорийг чинь доороос нь
нүдсэн хэрэг биш байгаа даа гэж бодоод хамаг бие нь жихүүцээд ирэв. Хэрлэн хоёр
гартаа жижиг хогийн шүүр, хамуураа атгасан хэвээр байлаа. Гал тогооныхоо өрөөнд
ортол өнөөх муу ёрын зоорь өөрийг нь хүлээгээд байж байгаа мэт Хэрлэнд эрхгүй
санагдав.
Хэрлэн зоорь луу нэг хоёроор маш удаанаар алхан дөхлөө.
Түүний зүрхний цохилт илт түргэсч гар нь үл мэдэг салгалж байгааг өөрөө тэрхэн
агшинд анзаарсангүй бололтой. Хэрлэнгийн бүх анхаарао, оюун ухаан зоорины
хаалган дээр төвлөрч өөрийн эрхгүй тийш дөхөх аж. Гэтэл энэ үед Хэрлэн өөрөөс
нь гадна өөр хэн нэгэн тэр зоорины хаалгыг нүд салгалгүй ширтэж байгааг сая олж
хараад давхийтэл цочих нь тэр. Галын өрөөний цонхны гадна талаас нэгэн үхдэл
мэт цэлдэн хөх, цонхигор царайтай охин яг тэр Хэрлэнгийн дөхөж яваа зоорины
хаалга руу нүд салгалгүй ширтэж байв. Тэрээр яг л Хэрлэнг зоорины дэргэд дөхөж
очоод хаалгыг нь татаж онгойлгох тэр мөчийг тэсэн ядан хүлээж байх мэт. Эхэндээ
зоорь луу дөхөж буй Хэрлэнд өөр зүйл рүү анхаарлаа хандуулах ямар ч сөхөө
байгаагүй хэдий ч нүднийн нь буланд хэн нэгэн эрхгүй өртөхөд яалтчгүй цонх
руугаа өндийн харсан нь энэ байлаа. Хэрлэн тэр этгээдийг хараад дуу алдан
балмагдсан хэдий ч өнөөх охин харин Хэрлэн рүү огтхон ч харсангүй зөвхөн зоорь
луу л тас гөлрөн ширтсээр. Одоо Хэрлэнд зоориноос илүү тэр охин аймшигтай
санагдаж эхэлсэн бөгөөд тарж бутарсан ухаанаа цуглуулан байж охиныг тогтоон ажиглаад
өнөөх Цэнгэл байхыг сая танилаа. Хэрлэн охины таниад “Чи энд юу хийж яваа юм
бэ?” хэмээн асуусан хэдий ч Цэнгэл амьгүй мэт зоорь луу гөлөрсөн хэвээр. Бүр
тэр охин хүний урманд ганц ч болов хөдөлгөөн хийгээгүйгээр барахгүй нүүрнийхээ
арьсыг ч хөдөлгөсөнгүй. Хэрлэн өөрийг нь анхаарах сөхөөгүй байгаа охинтой гарч
уулзахаар үүд рүүгээ яаран зүглэлээ.
Тэрээр аль хэдийнэ гадаа гарч өнөөх галын өрөөнийхөө
цонхны дэргэд ирсэн ч дөнгөж сая зоорины хаалгыг ширтэн зогсож байсан Цэнгэл
бараа сураггүй арилаад өгчээ. Хэрлэнгийн сэтгэл нэг мөсөн түгшлээ. Тэрээр эргэж
гэртээ орохоосоо ч жийрхэж байлаа. Бас дандаа л бараа сураггүй алга болчихдог
тэр охин яагаад энэ хавиар ингээд эргэлдээд байгаад ч гайхаж эхлэв.Эхлээд тэр
Цэнгэл охиныг хашаанаас нь дөнгөж гарахад араас нь очиж харсан хэдий ч аль
хэдийн алга болсон байсан. Харин одоо бас дахиад л урьдын адил Хэрлэнгийн
нүдэнд нь огтхон ч өртөлгүйгээр ор мөргүй арилаад өгч. Бас тэр охин зоорины
хаалга руу айхтар зэвүүн харцаар нүд салгалгүй ширтэж байсан нь Хэрлэнгийн санаанаас
гарч өгөхгүй зовоох аж. Ингээд Хэрлэн охиноо хичээлээсээ удахгүй хүрээд ирэхээр
нь хамт гэртээ оръё гэж шийдээд хүлээсэн ч 30 орчим минут болоход Саруул
байдаггүй. Гэрийнхээ нимгэн хувцастай гадаа зогсож байгаа Хэрлэн эрхгүй даарч,
яалт чгүй гэртээ орохоор үүд рүүгээ дөхлөө. Гэхдээ тэрээр галынхаа өрөө рүү ч
харсангүй бараг нүдээ аних шахам чигээрээ гүйж унтлагынхаа өрөөнд оров. Түүний
галын өрөө рүүгээ эргэж харалгүй гүйж орсон нь ч аргагүй биз. Түрүүн дээд
давхартаа байхад доороос дуулдсан тэр чимээг зоорин доороос гарсан болов уу гэж
таамаглаж байсантай нь шууд холбоотой. Хэрлэн унтлагынхаа өрөөний хаалгыг
дотроосоо түгжжээ. Ядаж байхан саяын цонхоор нь зоорь луу ширтэж байсан хувхай
царайтай Цэнгэл охины төрх санаанаас нь гарахгүй зовооно. Хэрлэн айсан сэтгэлээ
тайвшруулахын тулд нөхөр лүүгээ ярья гэж бодлоо. Бүсгүй амьдралдаа айж
үзээгүйгээрээ айж бүр нүдэнд нь нулимс гүйлгэнээд иржээ. Хотын төвөөс
алслагдсан гэр хорооллын айл учраас суурин утас тавиулах боломжгүй, зөвхөн гар
утсаар л бусадтай холбоо барьдаг нь энэ удаа Хэрлэнд дэндүү хяслантай санагдаж
байв.Халаасаа сандран тэмтчих нь гар утсаа хайсан хэрэг байлаа. Хараал идмэр...
Түүний халаас хоосон байх бөгөөд тэрээр ийн дуу алдаад түрүүн галынхаа өрөө рүү
орохдоо утсаа зоорины хажуугийн ширээн дээр орхисноо сая саналаа. Дөнгөж энэ
бодолтой нь зэрэгцэн галын өрөөнөөс дахиад нэгэн бөглүү чимээ гарах шиг болов.
Үүнийг сонссон гэртээ ганцаархнаа бүсгүй яах ёстойгоо үнэндээ л мэдсэнгүй.
Нуруугаараа хаалгаа дарж суугаад чимээгүй нулимс дуслуулж эхэллээ. Магадгүй
чанга цурхиран уйлж гэмээнэ өнөөх зоорин доор байгаа ад зэтгэрийн амьтан
сонсоод гараад ирэх юм шиг л түүнд санагдаж байсан нь лавтай. Дахин чимээ
гарсангүй. Арваад минут өнгөрөхөд Хэрлэн сая нэг жаахан тайвшрав. Одоо түүний
бодолд зөвхөн охин нөхөр хоёр нь хурдан ирээсэй гэсэн бодол л эргэлдэх аж.
Тэрээр ямар ч хөдөлгөөнгүй суусаар. Гэтэл гэнэт түүний гар утасных нь хонх
жингэнэж эхэллээ. Энэ нь Хэрлэнд төдийлөн таатай санагдаагүйгээр үл барам
жаахан тайвширч эхлээд байсан сэтгэлийн нь айдсыг дахин сэдрээх нь тэр. “Галсан
байж мэдэх юм” Хэрлэнд төрсөн энэ бодол өөрийн эрхгүй харилцуураа авах хүслийг
бадраагаад ирлээ. Гэхдээ өнөөх дуугараад байгаа гар утас зоорины хажууд байгаа
шүү дээ. Аягүй бол өнөөх Цэнгэл дахиад л зоорь луу ширтээд зогсож байж мэднэ.
Бүр магадгүй зоорин доор байгаа тэрхүү үл мэдэгдэх этгээд өөрийг нь энэ
өрөөнөөс нь гаргаж ирэх гэсэндээ утасных нь хонхыг дуугаргаж байгаа ч юм билүү.
Ингэсээр Хэрлэн баахан эргэлзэж цаг алдсан хэдий ч утас дуугарсаар....
7
Хэрлэн бүр хөшиж орхижээ. Айснаасаа болоод асгарсан
нулимс нь доошлл дусалж амжилгүй хацрыг нь исгэн тэндээ шингээ юу гэлтэй. Гэрт
нам жим байх бөгөөд түрүүхэн жингэнэж байсан гар утасных нь хонх одоо бүр
дуулдахаа больжээ. Хэрлэн хаалгаа налан суусан хэвээрээ л байв. Бүр босохоосоо
ч айх шиг болж Галсан Саруул хоёрыг иртэл ингээд л энд суугаад байхаар шийдээд
байлаа. Хэдэн цагаар ингэж сууснаа тэрээр өөрөө ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд
охиных нь гэртээ ирэх цаг аль хэдийн болоод бүр өнгөрсөн байлаа. Харанхуй
болсныг Хэрлэн одоо л анзаарч байгаа бололтой өрөөнийхөө гэрлийг яаран асаалаа.
Ингээд гэрэл ассанаар Хэрлэн жаахан тайвширч сэтгэлд нь хургасан айдас үргэв
бололтой Хэрлэнгийн айсан сэтгэл нь одоо тайвширсан болохоор өнөө хүртэл
ирээгүй байгаа охиндоо санаа зовж эхэллээ. Тэр аажуухан өндийв. Унтлагынхаа
өрөөний хананд үүд рүүгээ харуулж тавьсан толинд өөрийнхөө нулимсанд халтардсан
төрхийг хараад гэнэт инээд нь ч хүрэх шиг болов. Юу ч болоогүй байхад ямар ч
утгагүй юмнаас айж бүр нулимс унагачихсан байх шив гэж Хэрлэн өөртөө дуулдах
төдий хэллээ. Гэхдээ тэрээр магадгүй үүдэнд нь хэн нэгэн өөрийг нь хүлээж байна
гэж бодсон уу ямартай ч унтлагынхаа өрөөний хаалгыг шууд нээхийг хүссэнгүй.
Толины доор байрлах гурван шургуулгатай шүүгээний хамгийн дээд талын шургуулгыг
аяархан татаад нойтон салфеткаар нүүрээ арчсан болов. Аль хэдийн 19 цаг өнгөрч
байлаа. Хэрлэнд ядаж нөхөр охин хоёроо ирэхэд хоолоо бэлдсэн байх ёстой гэсэн
үүрэгт бодол толгойд нь орж ирлээ. Ингээд тэрээр гүнзгий амьсгаа аваад
хаалганыхаа түгжээг өөртөө их л эргэлзсэн байртай торхийтэл тайлж хаалгаа
нээлээ. Хаалга чихран дуугарч удаанаар нээгдэхэд магадгүй азаар Хэрлэнгийн
нүдэнд хэн ч өртсөнгүй. Коридор гэж нэрлэж заншсан үүдний өрөөнийхөө гэрлийг
мөн асааснаар гэр тэр чигтээ л гэрэл гэгээтэй болох шиг Хэрлэнд санагдав. Одоо
тэрээр галынхаа өрөө рүү орохдоо түрүүчийнх шигээ айхаа больжээ. Гэхдээ бодлын
нь мухарт өнөөх амьгүй мэт гөлрөн зогссон Цэнгэл охин дахин цонхоор нь зоорь
луу ширтээд байж байх вий гэсэн айдас хургасан хэвээр. Гал тогооныхоо өрөөнд
ормогцоо хаалганы хажууд байх унтраалгыг яаран дарж гэрэл асаалаа. Өрөөнд хэн ч
байсангүй, бас цонхны цаана ч хэн нэгэн харагдсангүй. Зоорины хажууд байрлах
хоолны том ширээн дээр тавьсан гар утсаа авлаа. Галсан түүн рүү хэд хэдэн удаа
залгажээ. Нөхөр лүүгээ залгах гэснээ хэмнэж мессеж бичиж зогссон Хэрлэн өмнө нь
галын өрөөнд дэвссэн байсан хивсийг хэрэггүй л хуйлав уу даа хэмээн бодох аж.
Магадгүй хивсийг нь авсан болохоор зоорин доор янз бүрийн хулгана энэ тэр
гүйлдэхэд тэр чимээ нь тод сонсогдоод байгаа биз гэж өөртөө хэллээ. Гэхдээ
тэрээр ийм хүйтэн өвлийн улиралд хүйтэн зооринд ямар оготно байх билээ гэж
бодсон ч энэ бодолдоо ач холбогдол өгөхийг хүссэнгүй. “Охин одоо болтол
ирдэггүй. Миний хөгшин ирэх дөхөж байна уу. Би ганцаараа жаахан айгаад байна”
гэсэн Хэрлэнгийн мессежийг Галсан авчээ. Гадаа ийм орой болчихсон байхад Саруул
одоо болтол гэртээ ирээгүй байгаа нь Галсангийн санааг эрхгүй зовоох нь тэр.
Бас дээрээс нь Хэрлэнгийн жаахан айгаад байна гэсэн үг Галсанд нэг л ёозгүй
санагдаж Хэрлэн рүү залгалаа.
-Байна уу. Хөгшин нь одоо ажил дээрээсээ гарлаа. Айх
хэрэггүй ээ, намайг очтол зурагтаа асаагаад тайвшраад сууж бай? Би удахгүй за
юу
-ЗА. Гэхдээ Саруулыг одоо болтол ирэхгүй байгаад бүр
санаа зовоод тогтож сууж ч чадахгүй нь, чи хурдан ирээрэй.
-За ойлголоо, удахгүй
Галсан ингэж хэлээд утсаа салган хийж байсан ажлаа дутуу
орхин ажил дээрээсээ яаран гарлаа. Гадаа маш хүйтэн байх бөгөөд үе үе цасан
шуурга шуурч, тэнгэр бүүдийн сааралтана. Галсан нэг л мэдэхэд гэрийн зүг такси
барин хурдалж байв. Гэрлүүгээ нэлээд дөхөж ирээд машинаасаа бууж явган гүйлээ.
Гэтэл яг түүний өмнөх зам дээр Саруул охин нуруугаа бөгтийлгөн алхаж явах нь
тэр.Саруул аа хэмээн дуудтал охин зогтусав. Харанхуйд андуурсан байж мэдэх юм
хэмээн бодож байсан Галсан охиныг зогсохоор Саруул мөн байна гэж баттай итгэн
гүйж очлоо. Өвлийн пальтохоо малгайг өмссөн жаахан охин Галсангийн нүүрлүү
толгойгоо өргөн харах үед тэрээр цочсондоо золтой л ухаан алдчихсангүй. Шөнийн
харанхуйд ч тод ялгармаар зэвхий цагаан царайтай Цэнгэл охин Галсанг тас гөлрөн
ширтсээр. Галсан юу ч хэлж чадахгүй ээрч байснаа Цэнгэлийг тойрон гэрийнхээ зүг
гүйж одох нь тэр. Эргэж харахаасаа ч жийрхэн яаран гүйх Галсангийн чихэнд “Би
дараа ирнэ гэж хэлсэн биздээ” гэсэн үг сонсогдох шиг. Гэртээ дөнгөж ортол гараа
элгэндээ зөрүүлэн тэвэрсэн Хэрлэн санаа нь зовсон нүдээр нөхрөө угтлаа.
-Охин ирдэггүй би бүр санаа зовоод байж байна. Одоо яах
вэ?
-Харин л дээ. Уг нь сая замд таарсан жаахан охин яг
Саруул шиг харагдаад. Тэгтэл биш байдаг байгаа. Галсан ингэж хэлэхдээ Цэнгэлийн
үүрч явсан цүнх, гадуур хувцас нь яг Саруулынхтай ижилхэн байсныг саналаа. Арай
Саруулыг маань тэр үхээрийн царайтай охин... гэж бодсоноо хар эрчээрээ гүйж
гарав. Хашааныхаа үүдэнд хальтарч унаад босохдоо Галсан хувцасаа ч гүвсэнгүй.
Тэрээр саяын Цэнгэлтэй тааралдсан тэр харанхуй гудамж руу гүйсээр хүрч ирлээ.
Эл хуль оргисон энэ бөглүү газар ямар ч хүн амьтан байсангүй. “Саруул аа миний
охин хаана байна аа” хэмээн хашхирах Галсангийн дууг хэн ч сонссонгүй ээ.
Галсан уруу царайлсаар шөнө дундын үед гэртээ ганцаараа иржээ. Саруул охин
гэртээ ирээгүй байх бөгөөд Хэрлэн ч бүр цөхрөнгөө барж гүйцжээ. Охиныхоо очсон
байж магадгүй гэсэн бүх газар луу утасдсан боловч хаана ч байсангүй. Охиндоо
санаа зовсон эхнэр нөхөр хоёр шөнө цурам хийлгүй хоножээ. Өглөө болж нар мандахтай
зэрэгцэн Галсан Саруулын сургууль руу охиныхоо сургийг гаргахаар яаран гарлаа.
Хэрлэн хэдий хамт явахыг завдсан ч Галсан охин ирж магадгүй тэгвэл над руу
утсаар ярьж хэл гэхэд үгэнд нь орж үлджээ. Галсан охиныхоо ангийн багш
Ганцэцэгтэй уулзаж учир явдлаа ярихад охин нь өчигдөр хичээлдээ ирээгүй гэсэн
хариу сонсчээ. Галсангийн сэтгэлийн түгшүүр шаналал бүр ч нэмэгдээд ирлээ.
Өчигдөр өглөө охин нь гэрээсээ гараад сургууль руугаа очоогүй байх нь ээ.
Ангийн нь сайн найз нөхөд байдаг болов уу гэж Галсанг асуухад Ганцэцэг “Анх
шилжиж ирснээс хойш хэнтэй ч юу ч яриагүй ангийнхантайгаа дотносч арай амжаагүй
байгаа” гэж хариулжээ. Галсангийн бүх горьдлого талаар болов. Галсан урамгүйхэн
сургуулийн үүд рүү алхаж байснаа гэнэт нэгийг санав бололтой Ганцэцэг багш руу
эргэж “Уучлаарай багш аа. Ингэхэд танай сургуулийн бага ангид Цэнгэл гэж охин
сурдаггүй биз. Аавтайгаа хоёулхнаа амьдардаг байсан. Саяхны нэг өдөр гэр нь
шатаад аав нь өөд болсон гэсэн” хэмээн асуулаа. Энэ үгийг сонссон Ганцэцэг
багшийн царайд илт гайхсан төрх тодроод ирэв.
-Мэдэхгүй ээ. Тийм охин одоо байхгүй дээ
Галсан багшийн энэ хариултын “одоо” гэсэн үгийг онцолж
сонссонгүй гарч оджээ. Тэрээр ажил төрлөө ч бүр умартаж орхиод зөвхөн охиноо
гэр хүртэлх замаараа хаа сайгүй хайсаар ямар ч үр дүнд хүрсэнгүй. Өмнө нь хэзээ
ч гэрээсээ гадуур ганцаараа хонож үзээгүй охиндоо ямар нэгэн муу юм тохиолдсон
хэрэг биш байгаа даа хэмээн шаналан алхсаар нэг л мэдэхэд хашааныхаа өмнө тулж
иржээ. Хэрлэн түүнийг хүлээгээд гэрийнхээ үүдэн дээр нөмгөн хувцастай зогсож
байв.Тэд хоёулаа бие биесээ асуусан харцаар ширтэж байлаа. Өдөр болоод ирэх
үест эхнэр нөхөр хоёр аргаа баран цагдаагийн газар очиж охиноо алга болсон
хэмээн тэмдэглүүллээ. Газар дээрх ганц хайртай охин нь туйлын эрх танхи учраас
яавч хэл чимээгүй гадуур тэнэж алга болохгүй гэдэгт тэдний хэн хэн нь бат
итгэлтэй байв. Үдэш болжээ. Саруул бараа сураггүй хэвээр. Ядахад өвлийн улирал
болохоор 17 цаг өнгөрөв үү үгүй юу гэгээ тасарчихаар охиноо харуулдсан эхнэр
нөхөр хоёрын сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй хөндүүрлэж байлаа. Удалгүй шөнө
болов. Тэд охиноо хүлээн ганц хором цурамхийгээгүй, хэлэн дээрээ юу ч тавиагүй
болохоор аргагүй ядрав бололтой унтлагынхаа өрөөний орон дээр хоёулаа бүхлээрээ
хэвтээд өгчээ. Шөнө дундын үед Галсан дахиад л гэнэт сэрлээ. Аргагүй ядарсан
учир тэд нэг мэдэхнээ нам унтчихсан байжээ. Хэрлэн гадуур хувцастай тэр
чигээрээ нөхрийнхөө хажууд нулимсандаа хавдсан нүдээ гараараа хагас дараад
унтаж байлаа. Үүдэнд хөлийн чимээ гарах нь тэр. Охиноо ирсэн юм биш байгаа
хэмээн баярласан Галсан Саруул аа, чи юу хэмээн аяархан дуудсаар үүднийхээ
өрөөнд орж гэрэл асаатал хэн ч байсангүй. Байшингаасаа гарч хашааныхаа гэрлийг
асаасан хэдий ч тэр том хашааг нэлэнхүйд нь гэрэлтүүлж үнэхээр чадсангүй. Битүү
цас даржээ. Энэ шөнө харин тогтуухан байх бөгөөд хашааны сүүмгэр гэрлийн
тусгалд Галсангийн нүднээ модон жорлон өртлөө. Арай энэ жорлон дотор охин нь
байгаа юм биш биз гэсэн бодол яагаад ч юм Галсанд төрөөд болсонгүй. Галсан үл
мэдэг мөрөө хавчаад гараа өмднийхөө халаасанд хийж жорлонгийнхоо зүг алхлаа.
Үнэхээр энэ модон жорлон руу дөхөх тусам Галсан нэг л зүрх алдаад байгаадаа
өөрийгөө гайхаж байлаа. Ингээд тэрээр нэг мэдэхэд жорлонгийн хаалганы өмнө тулж
иржээ.
Галсан хоолойгоо нэг сайн засаад хаалгыг нээтэл өнөөх
Цэнгэл охин Галсанг хүлээж байсан юм шиг өөдөөс нь хүйт даасан харцаар ширтэн
зогсоно.
-Чи охиноо хайж байна уу?
-Хараал ид гэж. Чи энд юу хийж байгаа юм. Миний охин
яасан, Саруул хаана байна?
Галсанг ингэж асууж дуусаагүй байтал шавар шавхайд
хутгалдсан болов уу гэмээр сурагчийн дүрэмт хувцастай жаахан охин хажуугаар нь
гараад гүйчихэв. Цэнгэл хашааны хаалгаар гарч одлоо. Галсан араас нь хөөж барих
гэснээ болиод гэнэт зогтусах нь тэр. Учир нь Цэнгэлийн гүйж одсон цасан дээр
хэн ч гишгэсэн дурайсан тод хөлийн мөр гарах ёстой биш үү. Гэтэл Цэнгэл охины
гүйж одсон тэр битүү цас бүрхсэн зам дээр мөр гээд оноогоод хэлчихээр юм
үнэндээ л байсангүй. Гайхаш тасарсан Галсан өөрөө цасан дээр гишгэж үзэх нь энэ
цасан дээр гишгэсэн хүний хөлийн мөр гарч байгаа эсэхийг нягталж байгаа мэт.
Галсан гал тогооныхоо өрөөнд ороод тамхи асааж бодол болон суулаа. Цэнгэл анх
Саруулыг дагаж ирэхдээ яг л саяын өмссөн шавар шавхай болсон дүрэмт
хувцастайгаа байсан нь тодхон санагдаж байв. Галсан саяын болсон явдлаас үүдэн
энэ хувхай царайтай жаахан охин яавч амьд хүн биш гэсэн дүгнэлтэнд хүрээд
байлаа. Анх энэ үхээрийн цонхигор царайтай охин яаж яваад Саруултай танилцсан
тухай ч өмнө нь охиноосоо асууж байгаагүйдээ Галсан одоо харамсаад барахгүй
байх аж. Бас тэгээд сая тэр Цэнгэл “Охиноо хайж байна уу?” гэж асуусныг нь
эргээд бодохоор нэг л зэвүүн санагдаад болсонгүй. Саруулыг гэртээ ирээгүйг тэр
амьд үхсэн нь мэдэгдэхгүй Цэнгэл охин сайн мэдэж байгаа байх нь. Галсан ийнхүү
гайхаш тасран шаналсаар нэг мэдэхнээ ширээгээ дрэлэн зүүрмэглэж орхижээ. Нэг
цаг орчим л өнгөрсөн болов уу. Тэрээр ямар нэгэн юм түжигнэх чимээнээр гэнэт
сэрлээ. Өнөөх Цэнгэл охин аль хэдийнэ галынх нь өрөөнд ороод ирчихсэн зоорины
хаалгыг нээх гэж хар тэнхээгээрээ хүчилж байх нь тэр. Галсан нүдэндээ ч
итгэсэнгүй. Харин Галсанг сэрснийг мэдсэн Цэнгэл даруйхан гарч одлоо.
8
... Галсан яахаа ч мэдэхгүй дэмий л зоорины хаалгыг тас
гөлрөн суусаар өглөө болгожээ. Ар араасаа учир нь үл ойлгогдох
зүйлүүд болсоор эцэст нь охин нь ор сураггүй алга болсонд Галсан цочирдож ухаан
нь балартав бололтой. Галсан эхнэртэйгээ юу ч ярьсангүй. Харин чимээгүй гөлрөн
суусаар байснаа өдөр болонгуут юмаа мартсан хүн шиг гэнэт хэл чимээгүй гарч
одлоо. Саруул сураг чимээгүй хэвээр. Уг нь Хэрлэн нөхөртэйгээ ярилцаж өчигдрийн
Цэнгэлийн цонхны цаанаас зоорины хаалга руу цоо ширтэж байсан тухай хэлэхийг
оролдсон ч охиндоо санаа нь зовоод хүнээс үг сонсохтой манатай болсон Галсан
эхнэрээ ойшоогоогүй аж. Хэрлэн гэртээ ганцаараа охиноо, бас хаашаа явсан нь
мэдэгдэхгүй нөхрөө хүлээхийн хажуугаар өчигдрийн болсон явдал санаанд нь орж
сэтгэлдээ жихүүцэж байлаа. Энэ байдалтайгаа удаан эвлэрч чадаагүй Хэрлэн гадуур
хувцасаа өмсч гэрээ цоожлоод автобусны буудлын хажуугийн дэлгүүрт ороод
зогсчихов. Юу ч худалдаж авахгүй хирнээ зүгээр л цонх руу ширтэн зогсох үл
таних бүсгүйг дэлгүүрийн худалдагч ад үзэж байгаа нь андашгүй байлаа. Хэрлэн уг
нь энэ байдлыг нь тоохгүй дэлгүүрт зогсоод байж чадах байсан хэдий ч охиноо
гэртээ ирж мэдэх юм гэж санаад гараад гүйчихэв. Саруул өөртөө нэг түлхүүртэй
учраас хүн байхгүй байсан ч хамаагүй гэртээ ороод ганцаараа айж эмээх вий гэсэн
бодол Хэрлэнг түргэн алхахад нь эрхгүй нөлөөлөв бололтой. Хэрлэн гэртээ иржээ.
Гэрт хүн ирсэн болов уу гэх ямар ч шинж тэмдэг алга. Саруул ирээгүй байлаа.
Охиноо ирээгүйд эхийн сэтгэл хямарч урам нь хугарчээ. Уг нь сая гэр лүүгээ
бараг л гүйх шахам явж ирэхдээ үнэхээр охиноо ирчихээд ээжийгээ хүлээж байгаа
юм шиг л санаж байсансан.
Охиндоо зовсон эхийн сэтгэл одоо юунаас ч айхаа больсон
бололтой. Хэрлэн галынхаа өрөөнд орж гал түлж эхэллээ. Магадгүй охиноо
жигтэйхэн их даарчихсан ирэх байх, ирэхэд нь ядаж гэрийг нь дулаахан байлгахсан
гэсэн сэтгэл нь түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Шавар пийшинд шад пад хийн
асах гал руу ширтэн бодол болон суух Хэрлэнгийн нүдэнд охиндоо санаа зовсных нь
илрэл болсон нулимс мэлтгэнэж байлаа. Оройхон Галсан том биетэй монгол банхар
нохой хүзүүнээс нь хөтөлсөөр гэртээ ирлээ. Уг нохой бол энэ байшинд нүүж
ирэхээсээ өмнө хуучин хашаагаа мануулдан байсан нохой нь билээ. Шинэ газарт
нүүж ирэх гээд түр хугацаанд хуучин хөрш айлдаа орхиод одоо ийн авчирч байгаа
ажээ. Харин Хэрлэн нохойгоо айлд орхисноо түр мартагнаад байсан бөгөөд
Банхарыгаа хараад жаахан ч гэсэн баярлав. Галсан Хэрлэн хоёр хоорндоо ямар ч үг
сольж зөвлөлдөлгүйгээр нохойгоо шууд галынхаа өрөөнд орууллаа. Энэ нь магадгүй
өнөөх зоорьтой холбоотой байсан биз. Үнэндээ энэ байшинд дахин нэг хононо
гэхээс тэдний хэн хэний нь яс хавтайх шиг болж байсан ч охиноо энд хүрээд ирнэ
гэсэн бодол нь байшинд аргагүй уяж байлаа. Галсангийн гэр нь хүйт даагаад нэг л
зэврүүн. Охиндоо санаа зовнисон эцэг эхийн сэтгэлийг нохой нь хүртэл ойлгосон
бололтой пийшингийн хажууд эвхрэн хөлөө дэрлэн гунигтай хэвтэнэ. Галсан Хэрлэн
хоёр ээлж ээлжээр очоод л нохойгоо эрхлүүлэхэд нь Банхар үүнийг нь хүлээж
байсан юм шиг хүзүүгээ сунгаж өгөх нь ингэж эрхэлсээр байгаад сурчихсныг нь
илтгэх аж. Тэд ийнхүү юу хийхээ мэдэхгүй дэмий л охиноо хүлээн шаналж гадаа
гарч харуулдсаар нэг л мэдэхэд харуй бүрий болжээ.
Эхнэр нөхөр хоёр жаахан хуурай идэх юм идэж цай уужээ.
Тэд унтлагынхаа өрөөнд орохын өмнө Банхарыгаа сайн хооллож аваад гал тогооныхоо
өрөөнд үлдээлээ. Хэдий шөнө болсон ч эхнэр нөхөр хоёрын хэн хэнийх нь нойр
хүрэхгүй сэрвэлзэх аж. Унтлагын өрөөний том ханын цаг чаг чаг хийн дуугарах нь
энэ гэрт чимээ гаргадаг цорын ганц эд мэт. Гэхдээ энэ цагны дуу бага ч атугай тайвшралыг
илтгэх биш, харин ч ямар нэгэн санаанд оромгүй айдас түгшүүр ирж явааг Галсанд
анхааруулж байгаа мэт үргэлжлүүлэн цохилсоор. Галсан дагзаа салаавчлан орон
дээрээ бөгтийн сууна. Ийнхүү унтлагынхаа өрөөний орон дээр зэрэгцэн суух эхнэр
нөхөр хоёр цаг орчим амнаасаа ганц ч үг унагахгүй байснаа Хэрлэн сая ам нээлээ.
-Өчигдөр чамайг ажилдаа явсан хойгуур өнөөх Цэнгэл ирээд
явсан. Яагаав манай Саруулыг дагаж ирдэг охин
Эхнэрийн нь хэлсэн энэ үг Галсангийн анхаарлыг эрхгүй
татаж толгойгоо өндийлгөн “Тэгээд?” гэж асуув.Хэрлэн сандарч буй бололтой
хуруугаараа оролдож байснаа гүнзгий амьсгаа авч цааш үргэлжлүүлэн ярилаа.
-Би чамайг явсан хойгуур хэдий өдөр байсан ч жаахан
айгаад дэмий байхаар хөршүүдтэйгээ танилцаж гэртээ урьж оруулъя гэж бодсон юм.
Тэгтэл харин “Манайд ор” гэж хэлэхийг минь сонсоод баярлах нь битгий хэл
гэрийнхээ хаалгыг тас хийтэл саваад надтай ганц ч үг сольсонгүй. За яахав, их л
ааш муутай хөрштэй болждээ гэж бодоод гэртээ орж ирээд дээд давхартаа новшоо
цэгцэлж байлаа. Гэтэл доор ямар нэгэн юм түжигнэх чимээ гарсан. Хэн нэгэн
магадгүй Саруулыг овоо эртхэн ирсэн юм болов уу гэж бодоод буугаад хартал хэн ч
байхгүй байсан. Арай дахиад л нөгөө зоориноос гарсан чимээ биш байгаа даа гэж
бодоод галынхаа өрөөнд ортол өнөөх Цэнгэл гэдэг охин чинь цонхны цаанаас зоорь
луу гөлийчихсөн харж байдаг байгаа. Би маш их айсан. Бүр хамгийн аймшигтай нь
тэр охин намайг огтхон ч анзаарахгүй яр л үхээд хөшчихсөн хүн шиг зоорь луу
ширтээд л байлаа. Би жаахан сэхээ аваад юу хийж явааг нь асуухаар гараад хартал
байхгүй болчихсон байсан. Би яахаа ч мэдэхгүй гэртээ ганцаараа охин та хоёрыг
хүлээсээр орой чам руу мессеж бичсэн нь тэр.
-...Цэнгэл гэнэ ээ? Тэр муу үхээрийн охин юу шиншилж яваа
юм бол?
Галсан ингэж хэлээд чимээгүй боллоо. Хэрлэн саяын үгийг
нөхөртөө хэлэхдээ дахин айдаст автаж Галсангаас эрхгүй тайвшруулсан,
аргадуулсан ямар нэгэн дулаахан үг сонсохыг хүссэн ч Галсан ойлгосонгүй.
Тэрбээр эхнэрээ тайвшруулах ч сөхөөгүй өөрөө айдаст автсан бололтой. Охиндоо
санаа зовохын хажуугаар тэр Цэнгэл гэдэг охины тухай учир нь үл ойлгогдох бөөн
асуултууд Галсангийн толгойд эргэлдэж байлаа. Гэрт дахиад л чимээ аниргүй
болжээ. Өнөөх цагний чаг чаг хийн цохилох дуун адын муу ёрын зүйл болох цаг мөч
улам ойртож буйг эхнэр нөхөр хоёрт сануулж ядан байх мэт. Ханын цаг ийнхүү
цохилох чимээний хажуугаар үе үе нэгэн содон чимээ сонсогдох нь Галсангийн
шүдээ хавирах дуу байлаа. Хэрлэн нөхрийнхөө шүдээ хавирч байгааг анзаарсан ч
гүй магад сонирхсон чгүй бололтой.Хэрвээ Галсанг шүдээ хавирахад нь Хэрлэн
нөхөр лүүгээ харсан бол нэгэнт хуралдаад байсан айдас нь бүр ч нэмэгдэх байсан
биз. Учир нь Галсан яг л амьд үлдэх боломжгүй болоод эцсийн хүчээ шавхан
дайсантайгаа тэмцэх гэж байгаа араатны нүдээр шал руу ширтэж байжээ. Охиноо
өнөөг хэр нь ирэхгүй байгаа энэ үед Галсан чухам яах ёстойгоо ердөө мэдэхгүй
байлаа. Тэрээр барьц алдан айдаст автсан ч хайртай эхнэр охин хоёрт нь ямар
нэгэн муу юм болвол эцсээ хүртэл хамгаалан тэмцэх болно гэх бодолтойгоо
зэрэгцэн шүдээ хавирах аж. Галсан ингэхдээ чухам хэнийг занаад байгаагаа ч өөрөө
ойлгосонгүй. Ямартай ч хэн нэгэн этгээд гэр бүлд нь муу юм хийхээр бүр улайраад
байх шиг санагдаж тэр үл үзэгдэгч этгээд чөтгөр, шулам, ороолон ер нь юу байсан
ч хамаагүй түүнтэй нэгийгээ үзэхсэн гэсэн бодол Галсанг байж ядуулна.
Гэнэт л галын өрөөнд нохой нь хуцаж архиран бөөн үймээн
болох нь тэр. Галсан ч яг л энэ мөчийг хүлээж байсан юм шиг галын өрөө рүүгээ
хэдхэн харайгаад орлоо. Хэрлэн ч нөхрөөсөө хоцролгүй араас нь даган яаран ирэв.
Нохой нь улаан галзуу зоорины хаалга руу хуцаж тойрч эргэлдэх аж. Үнэндээ тэр
зоорь луу хуцах ямар шалтгаан байгааг эхнэр нөхөр хоёр хоёулаа сайн
ойлгосонгүй. Тэд нохойгоо арайхийн тайвшруулжээ.
Энэ үйл явдал яг л Галсангийн таамаглаж байсан шиг болсон
ч нохой арай л хурдан ид шидээ үзүүлэх шиг санагдаж байв. Энэ шөнөжингөө Галсан
нохойтойгоо хамт өнөөх зоорийг харуулдаж үүр цайлгасан ч ямар нэгэн чимээ
дуулдсангүй. Өвлийн сүүмгэр наран тэнгэрт хөөрсөн нь энэ жихүүн зэврүүн хорвоог
бүлээцүүлэхээс нэгэнт өнгөрөө юу гэлтэй. Галсан Хэрлэн хоёр галынхаа өрөөний
ширээг дэрлэн сандал дээрээ суугаагаараа унтжээ. Хэрлэн нөхрөөсөө түрүүлж
сэрлээ. Гэр нь хүйт даагаад нэг л зэврүүн. Нохой нь өнөөх зоорины хаалгыг
дээрээс нь дарж цагираглаад хэвтсэн байх бөгөөд үүнийг харсан Хэрлэн баярлах ч
шиг болов. Банхар нь ингээд л зоорины хаалган дээр хэвтээд байвал магадгүй дор
нь байгаа ад зэтгэрийн амьтан гарч ирж чадахгүй юм шиг түүнд санагдана. Хүнийг
ойр дотныхон нь орхиод явсан ч нохой л эзэндээ үнэнч хэвээр хамт үлддэг гэсэн
хэзээ ч юм бэ дээ хаа нэгтээ сонсож байсан яриа Хэрлэнгийн санаанд орохтой
зэрэгцэн Банхарынхаа хүзүүг илж эрхлүүлээд өрөөнөөс гарлаа. Эхийн сэтгэл
горьдлого гэдэг хэзээ ч тасардаггүйг энэ удаа Хэрлэн ч бас харуулав. Магадгүй
охиноо хүрээд ирсэн ч юм билүү гэж горьдсон тэрээр Саруулын өрөө рүү орж хоосон
байхыг нь хараад сэтгэл нь бүр гонсойчихлоо. Саруулын удахгүй болох төрсөн
өдрөөрөө өмсөнө гэж бэлдэж байсан гоёлын хувцас нь орон дээр нь эзнээ хүлээн
гунигт автан хэвтэх мэт.Хэрлэн орон дээр суух биш уначихав. Охиныхоо дэрийг
үнэрлэн суух эхийн хацрыг доголон нулимс исгэн доошилж байлаа. Тэгтэл гэнэт
галын өрөөнд тар няр хийх чимээ гарч нохой нь хуцах нь тэр. Хэрлэнгийн сэтгэлд
дахин бөөн айдас түгшүүр хуралдаж нөхрийнхөө байгаа өрөө рүү яаран гүйж орлоо.
Дахиад л өнөөх зоорь ... хэмээн бодсон Хэрлэн нөхрийнхөө сандлаас унасныг
хараад санаа нь зовох биш харин ч баярлав бололтой. Галсан сая сэхээ аван босч
ирээд “Хөгшин чинь бүр айхтар хар дарж зүүдлээд сандлаасаа хүртэл унадаг байна
шүү” гэж хошигнохыг хичээсэн ч түүний нүүрэнд айж түгшсэн төрх тодхон харагдаж
байгааг Хэрлэн анзаарчээ.
-Миний хөгшин тэгээд яг юу гэж хар дарж зүүдлэв дээ?
-Заавал сонсохыг хүсээд байгаа юм уу?
-Ярь л даа, сонсмоор байна
-Өмнө нь хэзээ ч ийм муу ёрын зүүд зүүдэлж байсангүй. Энэ
хараал идсэн зоорин доороос Саруулын аврал эрэн уйлах чимээ сонсогдох шиг
болоод... Галсан ингэж хэлээд түгдрээд ирэв. Түүний сэтгэл айдас түгшүүрээр
дүүрэн оволзож байгаа бололтой харц нь тогтохгүй ийш тийш үсчих аж. Нөхрийнхөө
энэ хэлснийг сонссон Хэрлэнгийн дотор харанхуйлаад ирлээ. Тэрээр нэг л мэдэхэд
өнөөг хэр нь Банхарын дээр нь хэвтэж байгаа зоорин дээр харц нь тусчээ. Галсан
яриагаа үргэлжлүүллээ.
-Саруул аав аа гээд л уйлаад байсан. Би энэ зоорины
хаалгыг нээхийг үнэхээр хүсэхгүй байсан ч хаалгыг нь нээх гэж оролдож эхэлсэн.
Зоорины хаалгыг хариугүй нээх гэж байтал хэн нэгэн хүн наадахаа битгий нээ,
тэгвэл муу юм болно шүү гэж араас шивнээд байсан. Би тоолгүй зоорин доор бүр
гүнд нь охинд минь ямар нэгэн муу юм тохиолдож байгаа юм шиг санагдаад хурдхан
хойноос нь орохын тулд хаалгыг нээсэн.
-Тэгсэн чинь? Хэрлэнгийн ингэж хэлсэн үг нь дуулдах төдий
сонсогдож байлаа. Хэрлэн нөхөр лүүгээ биш зоорь луу цөхөрсөн нүдээр харж уйлж
байлаа. Харин Галсан эхнэрийнхээ энэ байдлыг ч сайн анзаараагүй бололтой.
Түүний оюун ухаан зөвхөн саяын зүүдэлсэн муу ёрын зүүдээ нэгд нэгэнгүй санахад
чиглэгдэж байх шиг. Галсан яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Тийм ээ, намайг зоорины хаалгыг нээхэд өөдөөс уур савсаж
байсан хэрнээ тэр нь их хүйтэн байсан. Маш хүйтэн агаар өөдөөс үлээгээд л...
Зоорь маш гүнзгий эгц байсан ч би доошоо ямар ч шат тавилгүйгээр буух гэж
үзсэн. Гэтэл өөдөөс үгээр тийм гээд илэрхийлэхийн аргагүй муухай амьтан зоорины
ханыг дагаад л авираад ирсэн. Түүний бие түлэгдчихээ юу гэлтэй улаан эрээн шарх
сорвиор дүүрэн, зарим арьс нь бүр зумарчихсан, үс гээд байхаар юм үлдээгүй
эрэгтэй хүн байсан. Шууд л хүн гээд оноогоод хэлэхэд хэцүү ч яалт чгүй л дөрвөн
мөчтэй зэвүүн, зэвхий онигордуу харцтай этгээд байсан. Галсан ингэж хэлээд түр
амсхийж гүнзгий амьсгаа аваад эхнэрээ тэвэрлээ. Хэрлэн нөхрөө тэврэн эхэр татан
уйлж буй хэрнээ зоориноос нүд салгахгүй ширтсэн хэвээр байлаа. Галсан одоо
түрүүний айдаст автсан зүүднээсээ бага багаар ангижирч бодит амьдралаа илүү
мэдрэх шиг болж ирэв. Тэрээр саяынхаа муу ёрын зүүдээ эхнэртээ хэрэггүй л
хэллээ гэж өөрийгөө зүхэж байлаа. Тэд хэсэг чимээгүй тэврэлдэн зогсов. Хэрлэн
нөхрөөсөө “Тэгээд дараа нь юу болсон бэ?” гэж тэсгэлгүй асуухад түүний дууны
өнгөнд илт сандарсан бас айсан байдал тодхон илэрч байгааг Галсан анзаарчээ.
Тэрээр зүүднийхээ төгсгөлд чухам юу үзсэнээ эхнэртээ хэлэхээс эргэлзэж эхлэв.
Магадгүй дараа нь ямар зүйл болсон тухай Хэрлэнд хэлбэл сэтгэлийг нь бүр ч их
түгшээчих болов уу гэж бодохоос Галсан аман дээрээ гарч ирсэн үгээ буцааж
залгих аж. Хэрлэн дахин дахин гуйж гувшисны эцэст Галсан зүүдээ үргэлжлүүлэн
ярилаа.
Сэтгэгдэлгүй байна