Minii xairiin tvvx

yu ch xamaagvi bicheed baiyaa.ta nar unshaad l bxgvi yu daa gej...

Зоорь.. Аймшигийн өгүүллэг. үргэжлэл 2.

 

4

Өглөөнөөс хойш нөхрийн нь уурласан уур гарахгүй байгаа нь Хэрлэнд яршигтай санагдаж эхлэв. Бүр хачирхалтай нь гал тогооныхоо өрөөнд ганцаараа орчихоод гарч ирдэггүй. Араас нь орох гэхээр наашаа битгий ороорой, би ганцаараа хэсэг баймаар байна гэж хэлээд Хэрлэнг халгаасангүй. Ядаж гадаа хүйтэн болохоор гэр нь хүйт даагаад Хэрлэн гал түлэхийг хүсч байвч ийнхүү яаж ч чадахгүй гараа элгэндээ зөрүүлэн хоёр тийш холхино.
... Галсан санамсаргүйгээр олж нээсэн тэр зоорины хаалгыг гөлрөн бодолд дарагдан суусаар. Гэхдээ Галсангийн энэ байдал нь тийм ч их удаан үргэлжилсэнгүй. Магадгүй байрны хуучин эзэн зүгээр л зоорь гаргах гэж үзээд бүтээгүй болохоор ингэж хадсан байж болно. Галсан энэ бодолдоо өөрийгөө хүчээр шахуу итгүүллээ. Тэгээд энэ бодлоо ямар ч байсан баталж санаагаа амраахын тулд зоорины хаалгыг нээж үзэхээр шийджээ. Гэтэл хамгийн гайхалтай нь энэ зоорины хаалгыг нээнэ гэдэг тусгай хамгаалалттай төмөр сейфийг нээхээс ялгаа байхгүй мэт. Галсан үнэндээ энэ зоорины хаалгыг санасныхаа зоргоор нээчихэж чадсангүй. Аргаа бараад алхаар тогшиж үзэхэд цаанаа хөндий байгаа нь цохилтных нь дуунаас андашгүй боллоо. Тэгэхээр ямар ч байсан энэ зоорины модон хаалганы цаана доошоо ухсан нүх байна. Энэ зооринд чухам юу байна вэ, анх ямар зорилгоор ухаж бэлдсэн хэрэг вэ, юунаас болоод хадаж битүүлэх болов гэх мэт зоорийг тойрсон олон асуултууд Галсангийн толгойд асуулт хэвээр үлдэв.Галсан өөрийнхөө дотроо болж байгаа энэ бүх түгшүүр, сэтгэл эмзэглүүлмээр бодлуудаа эхнэр охин хоёртойгоо хуваалцахыг хүссэнгүй. Ямар ч байсан тэднийгээ хайрлаж хамгаалах ёстой цорын ганц хүн нь өөрөө болохоор тэдэндээ энэ бүхнийг ярьж айлгаж сэтгэлийг нь түгшүүлэхийг хүссэнгүй бололтой. Ядаж байхад оршуулгын газартай хаяа залгаж буусан болохоор эхнэр нь амархан айн түгших нь дамжиггүй. Ингээд Галсан тэр шөнийн эхнэрийнх нь өвөрт орсон хүйтэн биетэй хүнийг өөрийгөө биш гэж үнэнээ хэлэх бодлоосоо бүрмөсөн татгалзжээ.
-Галсаан, миний хөгшин өлсөж байгаа биздээ. Хоёулаа хоол хийж идэх үү гэсэн эхнэрийнхээ аргадангуй дуунаар Галсан бодлоосоо цочин сэрэх мэт болов.
-Тэгье ээ хөө. Саруул хичээлдээ яваа юу?
-Тэглээ. Түрүүн явсан.
Охины маань сургууль жаахан зайтай байгаа нь их хэцүү юмаа.
-Гэхдээ ингэлээ гээд яахав дээ. Ганцхан манайх ийм байдалтай байгаа биш. Энэ байдалдаа дасахаас өөр сонголт бид гуравт одоохондоо байхгүй л байна.
-Тийм дээ. Миний хөгшин ямар хоол идмээр байна. Би чиний хамгийн дуртай хоолыг чинь хийж өгөх үү. Чи минь амралтаа ердөө сайхан өнгөрөөж чадахгүй байсаар ажилдаа орох болох нь. Нүүж суусаар байгаад миний хөгшин бүр цутарчихаж гэж хэлээд Хэрлэн нөхөртөө өөрөө эрхлэх, эсвэл нөхрөө эрхлүүлж байгаагийн аль нь мэдэгдэхгүй инээмсэглэв.
Галсан эхнэрийнхээ хэлсэн саяны үгийг сонсоод удахгүй ажилдаа орох дөхөж буйгаа саналаа. Баахан нүүдэл суудал болсоор байгаад өөрийгөө бараг ажилтай гэдгээ ч мартаж орхижээ.
-Миний хань сайхан цуйван хийчих. Би энэ зоорийг нээх гээд оролдоод үзье хэмээн Галсан эхнэртээ хэлээд зоорины хаалгатай ноцолдож эхлэв.
-Хэрэггүй ээ, наадахаа орхи цаашаа. Хүн чамайг сайхан амар гээд байхад өөрийгөө зовоогоод л. Маргаашнаас л болно биздээ. Тэгээд ч одоохондоо манайд наад зоорины чинь хэрэг ер алга.
Галсан ч эхнэрийнхээ үгэнд эргэлзэх зүйлгүй орлоо. Нэгдүгээрт зоорины хаалгыг нээнэ гэдэг тийм амар биш, хоёрдугаарт энэ зоорийг нээж гэмээнэ дотор нь юу ч байж мэдэх юм гэсэн айдас түүнийг эхнэрийнхээ үгэнд ороход нөлөөлөв бололтой.Ингээд Галсан Хэрлэн хоёр гал түлж гэрээ сайхан дулаацуулж аваад дутуу цэгцэслэн новштойгоо ноцолдох их ажилд ханцуй шамлан орлоо. Хэрлэнгийн хувьд одоохондоо ажилгүй байгаа бөгөөд нөхрийгөө ганцаараа ажиллаж өрх гэрээ тэжээж яваа гэдэг утгаар нь аль болох амраах сонирхолтой байв. Ингэсээр нэг мэдэхэд л өдөр өнгөрч Саруулын хичээлээсээ ирэх цаг болжээ. Өвлийн улирал учраас эрт гэгээ тасарч цас бударч эхлэв.Галсан энэ удаа нөгөө Саруултай хамт ирдэг өчигдрийн охиныг дахиад хүрээд ирэх вий хэмээн битүүхэн болгоомжлон охиноо харуулдсаар. Ашгүй удсан ч үгүй охин нь ганцаараа ирлээ. Саруул аавтайгаа дуугарсангүй. Уг нь өмнө нь загнууллаа ч тэр дороо мартчихдагсан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Бүр нэг хар элгийн хүн шиг өөртэй нь хүйтэн хөндий харьцахад охиндоо жаахан гомдох шиг ч болов. Оройн хоолон дээр ч гэсэн охин аавтайгаа юу дуугарсангүйгээр барахгүй өрөөндөө ороод хаалгаа дангинатал түгжээд орондоо орчихов. Галсан охинтойгоо чухам яаж ярилцах учраа нэг л сайн олж өгөхгүй энэ тухайгаа эхнэртээ хэллээ. Гэтэл Хэрлэн үүнд нь ер ач холбогдол өгсөнгүй.
“Удалгүй хуучин хэвэндээ орно биздээ.Найзыг нь явуулчихсан болохоор л тэгж байгаа юм. Санаа зовсны хэрэггүй дээ хө” гэж хэлээд унтахаар ороо заслаа. Нээрээ ч эхнэрийн нь үг үнэн юм шиг түүнд санагдаж охиныхоо өрөө рүү орох гэснээ больж бие засахаар гадагш гарлаа. Гадаа харин хаа очин тийм их хүйтэн байсангүй. Одод түгсэн шөнийн цэлмэг тэнгэрт өнчин саран хорвоо ерөнцийг гийгүүлж ядан байх мэт. Хашааны буланд байх жорлон руу хүрэхэд ойролцоогоор тавь орчим алхам болов. Ийнхүү Галсан бие засч аваад жорлонгоосоо гарах гэхэд хаалга нь нээгдсэнгүй. Жорлонгийн хаалга ийм амархан хөлдөөд наалдчихна гэж байж боломгүй санагдаж хүчлэн түлхсэн ч онгойсонгүй. Гэтэл доошоо ухсан жорлонгийн нүхнээс ямар нэгэн шажигнасан чимээ гарах нь тэр. Харанхуйд чухам юу байгаа нь үнэндээ харагдсангүй. Учир нь тэр чимээ чихэнд нь улам тод сонсогдож өөр лүү нь хэн нэгэн тэр доороос дөхөж байгааг илтгэх мэт. Галсан сандрах жорлонгийнхоо хаалгыг хар тэнхээгээр өшиглөснөөр сая хаалга нээгдлээ. Жорлонгоос арайхийн гарч ирсэн Галсан энэхэн агшинд олон жил хоригдоод эрх чөлөөгөө олж авсан хүн шиг баярлах сэтгэлд автав. Гар лүүгээ шууд орох гэснээ хэсэг азналаа. Саяын жорлонгийн нүхнээс сонсогдсон тэр чимээ юу байв. Жорлонгийн доошоо ухсан нүхнээс ямар нэгэн амьтан гарч ирэх нь энэ үү. Галсан энэ бодолдоо эрхгүй хөтлөгдөн бие засах жижиг модон байшин луу буцаад очлоо. Түрүүн дуулдаж байсан чимээ ор мөргүй замхран арилжээ. Нэг л ёозгүй сонсогдсон тэр чимээг дахин сонсоогүйдээ сэтгэл нь сэргэв.Галсан өөрийгөө хий юм сонсчээ гэж бодон гүнзгий амьсгаа аваад гэртээ орлоо. Эхнэр нь хэдийнэ гэрлээ унтраагаад орондоо ороод амжжээ.
-Гадаа хүйтэн биш байна уу хө?
-Тийм ч хүйтэн биш байна аа. Цас овоо тогтуухан хаялж байна шөнөдөө шуурч мэдэх л юм. За тэр ч яахав, ядарч байна гэдэг жигтэйхэн. Унтъя даа. Галсан ингэж хэлээд эхнэрээ тэврэн нүдээ анин хэвтлээ.
Шөнө дундын үед Галсан дахин сэрлээ. Гадаа цасан шуурга шуурахаас өөр ямар ч чимээ аниргүй. Гэр нь хүйт даагаад нэг л ёозгүй. Гэтэл гал тогооны өрөөнөөс дахин юм түжигнэх чимээ сонсогдож эхлэх нт тэр. Хэн нэгэн этгээд нэгэн жигдхэн хэмнэлээр юм балбаад ч байгаа юм шиг. Гэрт нь биш хаа нэгтэйгээс сонсогдож байгаа биз гэж өөртөө хэлсэн ч яалт чгүй зэргэлдээ гал тогооных нь өрөөнөөс дуулдаад байв. Түрүүн унтахынхаа өмнө бие засахдаа жаахан айсандаа ч юм уу гэрийнхээ үүдийг хэдэн давхар цоожоор дангинатал түгжсэнсэн. Тэгэхээр гадны хүн орж ирэх ямар ч боломжгүй мэт санагдана. Саруул юм болов уу гэтэл энэ шөнө дундын үеэр галын өрөөнд юуг яах гэж тэгж балбах билээ. Галсан ийн бодсоор орныхоо хажууд байсан алхыг аваад босоод ирлээ. Энэ удаад эхнэрээ сэрээсэнгүй. Гал тогооны өрөө рүүгээ аажмаар дөхөх тусам нөгөө балбах чимээ тод сонсогдож байв. Гартаа барьсан алхаа улам чанга атгасаар гал тогооныхоо өрөөг нээж гэрлийг нь асаалаа. Галсангийн нүдэнд хэн ч өртсөнгүй. Харин өнөөх зоорины хаалгыг хэн нэг нь доороос нь цохиж байснаа болих нь тэр. Магадгүй өрөөний гэрэл гэнэт ассан болохоор зоорин доороос цохих тэр чимээ гэнэт гарахаа больчихов уу гэсэн бодол Галсангийн толгойд зурсхийн орж ирлээ. “Сая яалт чгүй зоорин доороос балбаж байсан даа” Галсан ийн бодсоор зоорины хаалгыг нягталж үзээд дотроос нь цохисон болов уу гэсэн ямар ч ул мөр олсонгүй. Тэгээд буцаж яваад галынхаа өрөөний гэрлийг унтрааж өрөөний буланд зогсоод дахин цохих тэр чимээг хүлээлээ. Магадгүй гэрэл унтраад чимээгүй болохоор зоорин доороос дахин цохино гэж тооцоолж байлаа.

5

Нам жим. Зоорин доороос балбах чимээ дахин гарсангүй. Галын өрөөтэй залгаа байрласан унтлагын өрөөнөөс эхнэрийн нь амьсгалахаас өөр юу ч энэ гэрт дуулдсангүй. Галсан өнөөх зоорины зүг чих тавьсаар багагүй хугацааг өнгөрөөв. Галсангийн нүүрээр хөлс дааварлажээ. Яалтчгүй зоорин доороос цохиж байсан тэр чимээ одоо дахин дуулдахаа больсон болохоор орлуугаа очиж эхнэрийнхээ өвөрт шургахыг завдан алхлаа. Гэтэл түүнийг дөнгөж галын өрөөнөөс гарах гэж байтал Хэрлэн “Чи чинь одоо ямар их даарчихаа вэ” гэж тодоос тод хэлэх нь тэр. Эхнэрээ зүүдэлж байна гэж бодсон ч Галсангийн нүд харанхуйлаад ирлээ. Эхнэрээ дуудаж “Чи сая юу гэв ээ?” хэмээн асуусан боловч Хэрлэн сэрсэнгүй. Галсан тэр хүйтэн биетэй этгээд хэн болохыг харахыг хүссэн ч эхнэрийн нь хажууд магадгүй азаар хэн ч байсангүй. Галсан ч эхнэрээ дахин дуудсангүй хажуугаар нь шургалаа. Түүний нойр хүрсэнгүй, гартаа атгасан алхаа ч тавьсангүй. Бие нь жихүүцэж муу ёрын адын бодлууд бүх оюун санааг нь эзлээд байлаа. Эхнэртэйгээ арав гаран жил амьдарч гал голомтоо бадрааж явахдаа ингэж барьц алдаж, айж сандарсан нь ер нь үгүй мэт бодогдоно. Уг нь Галсан угийн хүдэр чийрэг биетэй, хэр баргийн юмнаас айгаад байдаггүй зоримог эр атлаа энэ удаа тэр үл мэдэгдэх дуу чимээ, ялангуяа зоориноос багагүй жийрхэж байлаа. Хуучин байшиндаа амьдарч байхдаа нэг ч удаа ингэж хий сонсож бас эхнэр охин хоёр нь зүүдэндээ ярьж байгаагүй гэдэгт бүх хөрөнгөөрөө дэнчин тавихад ч бэлэн тийм их итгэлтэй байв. Гэтэл энэ хэдхэн хоногийн хугацаанд юу болоод өнгөрөв өө? Хамгийн уур хүрмээр нь энэ болж байгаа бүхний утга учир ердөө олдохгүй байгаад оршиж байв. Анхны шөнө охин нь зүүдэндээ зоориноос гармаар байна, хүйтэн байна гэж уйлаад л, эхнэр нь чи чинь ямар хүйтэн биетэй юм бэ гээд л...Бас тэр охины нь дагуулж ирсэн Цэнгэл гэдэг жаахан охин. Нүд нь шар шувууных юм уу гэлтэй пад харанхуй шөнө айхтар сайн харж тэр зоорийг хайж байдаг. Галсангийн энэ бодож байгаа бүх бодлууд нь хоорондоо ямар нэг зүйлээр холбогдоод ч байх шиг. Галсан ийнхүү бодол болон шаналан хэвтсээр үүр цайлгалаа. Энэ хугацаанд зоорин доороос дахин балбах чимээ гарах нь уу гэж чих тавин хүлээсэн хэдий ч юу ч сонсогдсонгүй.
Галсан дутуу нойртой хоносноос болж нүд нь улаанаар эргэлдсэн хүн галынхаа өрөөнд зоорины хаалгыг ширтэн гөлрөн сууна. Эхнэр охин хоёр нь зэрэг шахам босоцгоож өглөөнийхөө цайг уухаар уван цуван орж ирлээ.Саруулын аав руугаа ширтсэн харц өчигдөрийнхөөс ч илүү хурц хүйтэн болжээ. Өглөөний цайн дээр хэн ч юу ч ярьсангүй. Удалгүй охин ээждээ баяртай гэж хэлээд хичээлийнхээ цүнхийг үүрэн сургууль руугаа гүйн одлоо. Галсангийн гар утсанд түүний ажилладаг барилгын компанийн албаных нь даргаас гурав хоногийн дараа ажилдаа орохыг нь сануулсан хоёр ч мессеж иржээ. Галсан уг барилгын компанид инженер хийгээд гурван жил болж байгаа. Өвлийн улиралд барилгын компанийн захиалга харьцангуй багасдаг учраас энэ байдлыг нь далимдуулан амралтаа авсан нь энэ ажээ. Гэтэл амралтын энэ 14 хоног нэг мэдэхнээ дуусч байгаа нь Галсангаас илүү түүний эхнэрт хамгийн их харамсалтай байлаа. Мэдээж хэрэг нөхөрт нь тэр болгон олдоод байдаггүй амралтын өдрүүд нүүдэл суудал гэсээр байтал нэг л мэдэхэд дуусах дөхөж, хамтдаа өдрийг сайхан өнгөрөөнө гэсэн жаргалтай бодлууд нь бөхөх мэт болж байгаад сэтгэл нь гонсойсон биз.
Галсан өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Уг нь энэ амралтынхаа хугацаанд шинэ орон гэрээ сайхан төвхнүүлж аваад ажилдаа орно гэж бодож байтал энэ байшинд болоод байгаа учир нь үл ойлгогдох зүйлүүдээс болоод сэтгэл нь түгшиж байв.Эхнэрээ бие засахаар явах гэхэд нь Галсан өөрөө ч мэдэлгүй “Болгоомжтой яваарай” гэхэд Хэрлэн гайхаж харснаа инээмсэглээд гарч одлоо. Удалгүй эхнэр нь гэртээ орж ирэхэд Галсан өнгөрсөн шөнийн зоорины хаалгыг доорос нь балбасан чимээний тухай ярьлаа. Гэхдээ жорлонд гацаж доороос нь ямар нэгэн нүдэнд үл үзэгдэх амьтан маш хурднаар өөр лүү нь ойртсон гэдгийг хэлэхээ азнажээ. Хэрлэн эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ Галсан хий юм сонссон гэж ятган тайвшруулахыг хичээж эхлэх нь тэр. Галсан ч гэсэн хэдий өөрийгөө хий юм сонссон байгаасай хэмээн эрхгүй хүсч байсан ч урьд шөнө дуулдсан тэр чимээ бол яах аргагүй бодитой байсан гэдгийг сайн мэдэж байлаа. Галсан өчигдөр зоорины хаалгыг нээхийг эрхгүй хүсч байсан бол одоо огт өөр бодолтой болжээ.Яавал энэ зоорийг илүү сайн түгжих вэ гэсэн бодол сэтгэлийг нь шаналгах нь тэр. Тэрээр энэ зоориноос ад зэтгэрийн амьтан гараад ирж гэмээнэ лав сайн юм болохгүй гэдгийг зөнгөөрөө мэдрэх шиг. Ингээд л энэ шөнөөс эхлээд Галсан унтахдаа алх бороохой тэргүүтнийг эхнэрээсээ нууцаар орныхоо хажууд тавьдаг боллоо. Энэ гэрийн ганц эр хүн болохоор түүнд эдгээр зэвсгүүдээс нь өөр үнэнч хань байхгүй мэт санагдана. Саруул охин ч аавдаа уурласан хэвээрээ. Энэ байдалд нь аав ээж нь хоёулаа эмзэглэх болж охиноо янз бүрээр аргадах боловч тусыг эс олно. Галсан ажилдаа орох болжээ. Охиных нь харьцаа тааламжгүй байгааг эс тооцвол гэрийн бусад бүх зүйлээ цэгцлээд амжсэн мэт түүнд санагдаж байв. Энэ орой ч гэсэн Саруул охин урьдын адил өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжээд гаралгүй нам жим боллоо. Галсан охиныхоо үүдэнд ирж “Саруул аа, миний охин өрөөнийхөө түгжээг тайл. Аав нь чамд бэлэг авсан. Тэгээд бас аав нь маргааш ажилдаа орох болох нь” гээд гартаа атгасан жижиг чихмэл бамбаруушийг өхөөрдсөн харцаар харснаа үнэрлээд авлаа. Харамсалтай нь Саруулын амнаас ямар ч үг гарсангүй, хаалганыхаа түгжээг ч тайлсангүй. Сүүлдээ Галсан уурлах ч биш, гуйх ч биш байдалтай яахаа мэдэхгүй зогсохыг харсан Хэрлэн нөхрөө тайвшрууллаа.
-Миний хөгшин одоо унтаж амар аа. Би Саруултай маргааш ярилцана. Тэгээд чамайг маргааш орой ажлаа тараад ирэхэд чиньв Саруул урьдын адил аавыгаа хүзүүгээр нь тэврэн үнсүүлэх болно, чамд амлая
Эхнэрийнхээ хэлэхийг сонссон Галсан нээрээ л тайвшрах шиг болов. Ээж нь арай өөр аргаар ярилцаад учрыг нь олж дөнгөнө гэж тэрээр дотроо бодоод хөнжилдөө орлоо.
Шөнө дунд болжээ. Галсан Хэрлэн хоёр тэврэлдэн тайван нойрсож байлаа. Гэтэл яг л шөнө дундын үед гал тогооны өрөөний өнөөх зоорины хаалгыг урьдынхаасаа илүү хүчтэйгээр балбах нь тэр.Галсан сэрлээ. Тэрээр орон доороо бэлдэж тавьсан зэвсгүүдээрээ өөрийгөө хангалттай зэвсэглэж аваад галын өрөө рүү дөхлөө. Өрөөнд ороод гэрэл асаасан хэдий ч үнэхээр хэн нэгэн тоос бостол шалан доороос цохих нь тэр. Зоорины хаалга эгээтэй л эвдрэх нь үү гэлтэй. Барьц алдан яахаа мэдэхгүй сандарсан тэрээр арайхийн сэхээ авах шиг боллоо. Хоёр гартаа том бороохой, төмөр шөвөг хоёрыг нэг нэгээр нь атгасан тэрээр зоорины хаалганы тэнд дөхөж очоод “хэн бэ чи?” гэсэн чанга дуугаар хашхиран асуув. Тэгмэгц цохих балбах чимээ нам жим болов. Галсан бүр бухимдаж гүйцжээ. “Новш минь чи гараад ир. Чи хэн юм бэ?” хэмээн хэдэнтээ цөхрөн хашхирлаа. Таг чиг, дахин чимээ гарсангүй. Харин энэ үед Хэрлэн цочин сэрээд нөхрийнхөө хажууд яаран сандран иржээ. Галсан бүх болсон явдлыг хэлэхэд Хэрлэн түүнийг тайвшруулаад хамтдаа унтлагынхаа өрөөнд эргэж ирлээ. Энэ шөнө тэд хоёулаа унтаж чадсангүй. Үүр цайхын алдад охин нь мөн л зүүдэндээ ярьж ямар нэгэн зоорь, дотроос нь гарч ирэх гээд чадахгүй байгаа хэн нэгний тухай хойно урд нь оруулан зогсоо зайгүй шулганав. Эхнэр нөхөр хоёр охиноо тайвшруулах гэж багагүй сандралдсаар арай хийж үүр цайлгалаа.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив