Minii xairiin tvvx

yu ch xamaagvi bicheed baiyaa.ta nar unshaad l bxgvi yu daa gej...

Сэтгэлийн жигүүр

Өглөөхөн хялмаалсан цасны ширхэг нарны хурц туяанд нvд гялбуулах нь vнэхээр сайхан харагдахын зэрэгцээ ажил сургуульдаа яаравчлан алхах олны царайд гэрэл гийгээд орчлонгийн нэгэн шинэ өдөр эхлэснийг тунхаглах ажгуу. Ганаа даарч ягаарсан хоёр чихээ гараараа хэд vрчхээд халтиргаатай замаар ойр ойрхон гишгэлэн Цолмонгийн гэрлvv шогшино. Тэрээр хэдэн өдрийн турш гэрийнхэндээ хуурай агсан тавьж, сайн дурын өлсгөлөн зарлаж байж сая л нэг Цолмонгоо гэртээ авчран хамт амьдрахыг зөвшөөрvvлсэн болохоор баатарлагаар ялалт байгуулсан эр хvн шиг цээжээ тэнийлгэн vе vехэн дотроо инээд алдаж явсаар Цолмонгийн гэрийн гадаа ирлээ. Ногоон өнгийн том төмөр хаалгыг хэдэнтээ балбатал утаа тортогт дарагдсан бор гэрээс Цолмонгийн байдаг айлын эзэн болох Болд гуай дээл нөмөрсөөр гарч ирэн цvдгэр гvзээгээ илэн
- Хар өглөөгvvр ямар амьтан ирчихээд хаалга vvд балбаад байгаа юм бэ хэмээн чангаар хэлтэл Ганаа дороо дэвхцэн байж ядан
- Болд ахаа би Ганаа байнаа. Та Цолмонг дуудаад өгөөч гэхэд Болд гуай аман дотроо
- Vгvй энэ хvv чинь ороод уулзахад яадаг байнаа. Алив Цолмоон чамайг цаад хар хvv чинь дуудаад байна. Бушуу гараад уулз гэсэнд Цолмон Тvvнийг ийм эрт ирж байгааг нь гайхан гарч очтол Ганаа тvvнийг ухаан жолоогvй тэвэрч аван
- Чи намайг ямар мэдээтэй ирсэн гэж бодож байнаа. Одоо хурдан хувцас хунараа аваад гараад ир. Манайд очъё. Хурдал, хурдал гэсэнд Цолмон гайхаж
- Чи чинь юу яриад байнаа. Танайхан зөвшөөрөхгvй байгаа биздээ. Тэгээд ч би яаж очих юм бэ гэхэд Ганаа өнөөх л өөрийнхөө зангаар зvтгэн
-Муу хөгшин чинь гэрийнхнийгээ ялчихаад ирж байхад чинь. Ганц бэрээ олигтой угтахгvй байна гэж байхгvй. чи л хурдан юм хумаа бэлд гэсээр тэд хамтдаа гэрт орон Цолмонгийн гэх бvх л юмыг боож баглан гаднаас такси зогсоож Ганаагийг гэрлvv явцгаалаа. Цолмон сургуулиа дөнгөж төгсчихөөд ажил олж хийх санаатай хамаатныхаа айлд байсан болохоор санаа нь зовон хөдөө гэрлvvгээ харьдаг ч юм билvv гэж бодож байсан ч Ганаа тvvнийг гэртээ аваачиж хамт амьдрах болсон учир нэгэнт амьдрал зохиох цаг ч болсон. Тэгээд ч хот орон газар байгаа цагт болж л таарна гэж боддог аж. Цолмон Ганаатай 2-р курст байхдаа танилцан vерхсээр өдий хvрсэн юм. Уул нь нэг сургуульд сурч байсан ч Ганаа 3-р курст сурч байхдаа зодоон нvдээн хийснээс болж хөөгдөн одоо болтол сургууль ч vгvй, ажил ч vгvй яваа нэгэн. Гэхдээ сэтгэл гэдэг юуг ч даван туулах хvчтэй байдаг болохоор энэ хоёр эвдрэлцэх vедээ эвдрэлцэж, эвлэрэх vедээ эвлэрч явсаар ирсэн юм. Ингээд тэд Ганаагийн гэрт ирцгээлээ. Юм хумаа зөөсөөр гэрт ортол махлаг байрын бор авгай өөдөөс нь угтан авч уриалгаханаар
- Хvvхдvvд минь дээшээ суу. Алив чамайг Цолмон гэдэг гэлvv. Гэртээ байгаа юм шиг л байгаарай хэмээн духан дээр нь зөөлөн vнссэнд Ганаа бvдvvн дуугаар
- Юуны чинь гэртээ байгаа юм шиг байгаарай гэж. гэртээ л байгаа биздээ гэхэд Янжин авгай худлаа инээвхийлэн
-Өө тэгэлгvй яахав. Энэ мунгинуу авгай л дэмийрч байгаа юм. За тэгээд хvvхдvvд минь энэ гэр одоо та хоёрынх боллоо. Ээж нь байшиндаа нvvж орноо. Тэгээд Цолмон миний охин удахгvй ажил төрөл олж хийвэл аштай юу даа хэмээхэд Цолмон дотроо санаа зовон
- Тэгнээ тэгнэ гээд чимээгvй болов. Ганаагийн эгч нар бvгд тусдаа гараад ганцхан Ганаа л ээжтэйгээ амьдардаг ч Цолмонг ирснээс хойш эгч нар нь байн байн ирж Цолмонг ажин асууж шалгаах vедээ шалгаан хоорондоо сайн муу хэмээн дvгнэцгээнэ. Эхний vед Цолмонд нэг л хөндий хvйтэн санагдаад хэцvv байдаг байв. Аажимдаа энэ байдал арилж Цолмон ч нэгэн аялал жуулчлалын хувийн компанид хэлмэрчээр оржээ. Цалин хөлс гайгvй аваад гэр орноо тохижуулан овоо сайхан амьдрах болжээ. Янжин авгай ч ганц бэрдээ сэтгэл эргээд амьтан хvнд амаа олохгvй магтаж сууна. Ганаа ажилд оръё гэвч мэргэжил мэдлэггvй, ажлын хариуцлагагvй гээд олон шалтгаанаас болж ганц нэг ажилд оровч дорхноо гарчихна. Хорвоогийн бор хоногууд урсан өнгөрсөөр хоёр жил боллоо. Энэ хооронд нэгэн хэвийн амьдрал vргэлжилсээр. Цолмон ажилдаа явж, Ганаа гэрийн мухар сахин vе vе ойр хавийн харчуудтай нийлэн архи уучихаад ээждээ vглvvлэн хэвтэнэ. Зуны урин дулаан улирал эхэлж гадаадаас нэлээд олон хvн хvлээж авсан Цолмонгийн компани сvvлийн хэд хоног ажил ихтэй болж суурин ажилладаг хvмvvсээ ч хөтөч хийлгэн орон нутагууд руу явуулах болжээ. Цолмонд арван таван хvний бvрэлдэхvvнтэй солонгос иргэдийг хариуцуулж Хөвсгөл далай тийш явуулах болсон аж. Хоёр сарын хугацаагаар явах болсонд Ганаа дургvйцэн
- Хэн тэгээд энэ гэр орныг чинь цэвэрлэж, хоол хийх болж байнаа. Арай дэндvv юм. Наад ажлаа хая гэхэд Цолмон
- За миний хөгшин битгий уурла л даа. Чи өөрөө гэрээ цэвэрлээд ээжээр хоол хийлгээд байж бай л даа. Хоёр сарын энэ ажил нэлээд их хэмжээний мөнгө олох ашигтай ажил. Хэрвээ би ажлаасаа гарчихвал юугаа идэж, өмсөх юм бэ гэсэнд Ганаа уцаарлан
- Чи ер нь ямар учиртай наад vгээ хэлэв. Надад ажил олдохгvй байгаа болохоор ингэж тавлаж байгаа юмуу хэмээн уурлахад гаднаас Янжин авгай орж ирэн
- За хvvхдvvд юу ярихаараа ингэтлээ чанга чанга дуугараад байнаа гэж хэрэгт дурласанд Цолмон өөдөөс нь
-Өө ээж. Би хэд хоногоос Хөвсгөл далай руу хvмvvст хөтөч хийх ажилтай болчихоод. Хоёр сар болох юмаа. Та Ганаад хоолыг нь хийж өгөөд байвал гэсэн Янжин авгай их л нухацтай ширтэн
- Vгvй хvv минь тэгээд энэ ажил чинь ийм урт хугацаатай юмуу. За за би гэрийг чинь харж байя гэж хэлэн гарлаа. Удалгvй Цолмон авч явах юмаа эмхлэн хашааны vvдэнд хvлээх машинд суухад Ганаа уруу царайлан
- За тэгээд хурдхан шиг ирээрэй дээ гээд Цолмонг vнсэнгээ хэлээд vлдлээ. Цолмон энэ хоёр сарын турш эх орныхоо vзэсгэлэнт газруудаар аялж, гадаадын хvмvvст энэ их гайхамшгийг vзvvлж таниулж яваадаа бахархана. Цолмонг явсны дараахан Ганаа ойр хавийнхаа архичингуудыг гэртээ авчирч архи ууцгаан гэрээ архичдын оромж болгожээ. Янжин авгай орж ирж vглэн
-Чи намайг ёстой зовоож ханахгvй хvн юмаа. Амьтны vрийг авчирч суучхаад хоёр жил амьдрахдаа чиний гийгvvлсэн чинь хаана байна. Эхнэрээ толгой дээрээ гаргаж энэ тэрvvгээр хэн нь мэдэгдэхгvй харчуудыг дагуулж явуулчихаад өөрөө хар усад толгойгоо мэдvvлээд сууж байгааг нь. Одоо тэр хvvхэн чинь эргэж ирсэн ч чамаар яахав дээ. Юугаа бодож явуулдаг байнаа. Нөхөр нь ухаантай юм бол аашилж загнаад ч болсон аваад vлдэх чинь яасан юм хэмээн уйлж туйлахад Ганаа нvд ам нь эргэлдэн архиндаа дэмийрч
-Цолмонг ирэхгvй гэж хэн хэлээд байгаа юм. Та чинь яасан хvний санаагvйг санаж явдаг хvн бэ? гэхэд Янжин авгай
-Хар тэнэг толгой минь чи л санаагvй болохоос ойлгомжтой биздээ хэмээн зандарна. Yvнээс хойш Ганаа гэртээ ганцаархнаа өдөрт хэдэн шил хоосолж орноосоо ч өндийлгvй хэвтэнэ. Хоёр сар гэдэг Ганаагийн хувьд архинд умбаж шумбасан урт удаан хугацаа байсан бол Цолмонгийн хувьд нvд нээж байгалийн vзэсгэлэнг биширсэн хоромхон хугацаа байлаа. Цолмонгийн аяллын хугацаа дууссан ч өнөөх жуулчид бодлоо өөрчлөн Өвөрхангай аймгийн vзэсгэлэнт газруудаар явах болжээ. Цолмон хэдийгээр яарч байсан ч нэгэнт ажиллаж яваа хvн яах ч билээ. Гэлээ ч Өвөрхангай аймагт байдаг ээж аав дээрээ очилгvй хоёр жил болсон учир далимаар нь төрсөн гэртээ нэг очоод ирнэ гэдэг сайхан байв. Тэд явсаар Өвөрхангай аймагт ирцгээж Цолмонгийн гэрт очицгоолоо. Өтөл буурай болсон ижий аав нь улам л нас ахисан мэт санагдаж өөрийн эрхгvй нулимс унаган золгоцгоов. Ингээд тэд Цолмонгийнд гурав хоноод зам зуураа сvм хийд, гайхамшигт цогцолборуудыг vзэж явсаар их хотын бараа харцгаав. Цолмон ирэнгvvтээ гэрлvvгээ харайлгалаа. Тэрээр явсан сонин хачнаа бушуухан орж хадам ээж нөхөр хоёртоо хэлэхсэн хэмээн гэртээ яаран ортол бөөлжис хvрмээр эхvvн vнэр гэрээс нь ханхалж орныхоо урдуур архины шил эгнvvлээд хурхиран хэвтэх нөхрөө хараад дотор нь харанхуйлж
-Ганаа чи чинь юу болж байнаа. Яагаад ийм болчихдог байнаа хэмээн угзарч татсан ч өнөөх нь ямар ч мэдрэлгvй хэвтэнэ. Ингэж байтал гаднаас Янжин авгай орж ирэн
-Өө чи ирээ юу. Харж байгаа биз. Наад хvvхэд чинь гудамжны архичин болж гvйцлээ. Чамайг явснаас хойш өдөр өнжихгvй уусан. Хажууд нь чи ирнэ гэсэн хугацаанаасаа нэг сар илvv зугаалж ирлээ. Та нар ч мөн ийм байдлаар амьдрах байхаа хэмээн тачигнатал Цолмон
-Vгvй ээ, ээжээ та чинь юу яриад байгаа юм бэ? би ямар зугаалж байгаад ирсэн биш дээ. Ажлаа хийгээд л ирлээ шvv дээ гэхэд
-За тийм байхаа. Хөгшин би ч яахав. Хайран сайхан хvvг минь л хэнд ч хэрэггvй архичин болгочихлоо гэсээр хаалга саван гарч одлоо. Цолмонгийн зvрх шимширч арай ч дээ хэмээн хацрыг нь даган урсах нулимсаа арчин галаа асааж цай чанан, Ганааг босохыг хvлээв. Орой бvрэнхий болсон хойно Ганаа сэрлээ. Гэр орноо цэвэрлэн юм угааж суух Цолмонг хараад дотроо баярлавч том хэрэг хийсэндээ жаахан ч гэсэн ичиж буруу харж хэвтэн
-Цолмон гуай та яаж нэг юм ирвээ гэсэнд Цолмон
-Миний хань сэрчихэв vv? Босож цайгаа уу. чи минь яагаад ингэтлээ их архи уучхаав дээ гэхэд Ганаа даварч өндийж ирээд
-Чи ер нь ямар зорилготой явсан хvн бэ? хоёр сар явна гэчихээд гурван сар явдаг юмуу. Намайг багахан шиг дарлаарай даа гэхэд Цолмон уурсаж
-Харин чи яаж байгаа юм бэ? хvн итгээд явж байхад архиар өөрийгөө тэжээгээд хэвтэж байдаг гэж хэлэн буруу харж нулимсаа арчина. Гурван сарын аялалд хөтөч хийсний vр дvнд Цолмон бодож байснаасаа илvv их мөнгө авчээ. Цолмон баярлаж Ганааг дагуулан гарч хувцаслан өөрөө ч хэд солих албаны хувцастай болоод гэртээ ганц нэг тавилга нэмж аваад ирэв. Ганаа тvvнийг их л дурамжхан дагаж явна. Юу ч хэлэхгvй гөлийж алхах нь аймшигтай ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Тэднийг машинаас тавилга буулган гэртээ оруулахыг цонхоор харсан Янжин авгай эгдvvцэж
-Энэ хvvхэн гуравхан сар ажиллаад ийм их мөнгө олов гэж. манай тэнэг хар энийг нь мэдэхгvй дагаад л явж байдаг хн хэмээн сууна. Цолмон хоол хийж
-Ганаа миний хөгшин ээжийг орж ирж хоол ид гэж хэл. Тэгээд нөгөө ээжид авсан юмаа өгье гээд орон дээрээ тавьсан малгайг харан хэллээ. Ганаа дуу ч vгvй гарч ээжийгээ дуудчихаад орж ирэн эхнэрийнхээ аягалсан хоолыг халбагадаж суутал Янжин авгай орж ирэн чимээгvй суутал Цолмон аягатай хоол дөхvvлж
-Ээжээ хоол ид. Өнөөдөр муу бэр чинь гурван сар явсныхаа цалинг аваад. Ганааг дагуулж баахан гадуур явлаа. Санасаныг бодвол овоо цалин авчихлаа шvv. Танд энийг авсан юмаа. өмсөөд vз хэмээн өнөөх малгайгаа өгтөл Янжин авгай тэрvvхэндээ ярвайн
-Vгvй яахав. Аятайхан л малгай байна. Тэгээд танай ажил чинь ажилчиддаа илvv цалин өгдөг хэрэг vv. Сонин л юм даа гэж хэлтэл Ганаагийн царай хувьсхийн юм хэлье гэвч юу ч хэлэлгvй чимээгvй болсонд Цолмонд энэ vг хvнд цохилт болсон ч тайван байхаар шийдэн
-Ээжээ та намайг нэг л буруугаар ойлгоод байнаа даа. Би хийсэн ажлынхаа л хөлсийг авсан шvv дээ гэхэд Янжин авгай
-Хэн мэдхэв. Ганаа минь чи энэ эхнэрээ толгой дээрээ гаргаад байгаа шvv. Учиртайхан л байгаарай даа гээд гарлаа. Ганаа байж ядан аягатай хоолоо газар чулуудан
-Та нар намайг тэгээд яа гээд байгаа юм бэ? ямар зовлонтой юм бэ хэмээн чангаар бахирахад Цолмон
-Чи хvртэл ээжтэйгээ адилхан бодож байна уу гэхэд Ганаагийн уур багтаж ядан
-Тийм бол юу гэж. Чамайг юу хийж яваад ирснийг хэн мэддэг юм. Ээжийн хэлдэг оргvй юм биш гэхэд Цолмонд vнэхээр хэцvv байлаа. Иймэрхvv байдалтай сvvлийн хэд хоногийг барж Цолмон сэтгэлийн дараастай байх болов. Ингэж байтал Цолмон хөл хvнд болжээ. Хоёр жил амьдрахдаа хvvхэд олдоггvй байсан болохоор Ганаа ч vvнд сэтгэл нь хөрч байсан юм. Хvслэн болсон vртэй болох нээ хэмээн баярлаж энэ тухайгаа Ганаад хэлтэл уур уцаар болсон тvvний царай эргээд хvvхэд шиг гэнэн цайлган, өнөөх л өхөөрдмөөр байдалдаа орон баярлаж хөөрөн Цолмонд халамж анхаарал тавин ёстой л эр нөхрийнхөө vvргийг тод томруунаар гvйцэтгэх боллоо. Нэг удаа Ганаа баярласан сэтгэлээ хуваалцах санаатай архиныхаа хэдэн найзуудыг цуглуулж хэдэн шил хоосолж эцэг болж байгаагаа бахархан ярьтал архи ууж суусан нэг нөхөр
-Ганаа танай авгай чинь өдий болтол бие давхар болоогvй байж гурван сар яваад л хvvхэдтэй болчих юмаа. Vгvй мөн сонин юм гэж маасайтал инээж бусдыгаа хөгжөөхөд энэ vг Ганаагийн зvрхийг зvсэх шиг болон
-Та нар юугаа мэддэг гэж ингэж ярьж байгаа юм. Битгий дэмийр хэмээн ширээн дээрх шилтэй архийг амруугаа тэр чигээр нь дуусал гудраад гартал араа нь
-Чи мөн гэнэн байна даа хvvхэд минь. Авгай чинь чамайг араар чинь тавиад байхад энэ мөн эргvvтчихсэн хvн шvv. Гурван сар зvгээр л явав гэж дээ хэмээн тавлан инээлдэхийг сонсон яахаас ч буцахгvй болтлоо уурлан гэрлvvгээ алхана. Гарахдаа уусан бvтэн шахvv шил архи эд нөлөөлж тархинд нь оржээ. Тэрээр гуйвж дайван арайхийж нэг юм гэрээ олж бараг мөлхөх шахам зvтгэсээр гэртээ орлоо. Цолмон сонин уншиж сууснаа шал согтуу орж ирэх нөхрөө хараад гайхан
-Vгvй чи чинь хаана ингэтлээ уудаг байнаа. Алив босоод ир гэхэд Ганаагийн нvд улаанаараа эргэлдэн араатан мэт уур омог нь багтаж ядан
-Чи муу гичий намайг хуураад байж болно гэж бодоо юу. Наад гэдсэнд чинь байгаа хvvхэд хэний хvvхэд вэ? олон солонгос эрчvvдтэй зугаацах тэгээд ямар байв даа. Аль эсвэл чи наад хvvхдийнхээ эцгийг нь ч мэдэхгvй байлгvй. Тийм vv, чи дуугараад орхи хэмээн хашгирхад Цолмон тvvний яриад байгааг хальт мулт ойлгож
-Ганаа чи яагаад надад итгэхгvй байгаа юм бэ. Чи өөрийнхөө төрсөн vрийг яаж ингэж хэлж чадаж байнаа. Өдийг хvртэл чамайг хайрлаж амьдрах гэж зvтгэсэн нь миний буруу гэж vv хэмээн гомдож цөхрөн уйллаа. Ганаагийн уур улам дvрэлзэж саяын хэлсэн vгэнд дарагдах нь битгий хэл улам бадарч уусан архиндаа эргэцvvлж бодох сөхөөгvй шууд л
-Чи одоохон манайхаас зайл. Чам битгий хэл чамаас сайхан хvvхэн надад мянга тvмээрээ л олдоно гэхэд Цолмон тvvнд учирлаж гуйгаад нэмэргvйг ойлгож
-Тэгвэл би явъя даа. Чи надаас сайн ханьтай болоорой. Би энэ хvvхдийг хэнээс ч дутахааргvй хvн болгож өсгөнө. Тэр vед чи хvvхдийнхээ өмнө уучилшгvй гэмтэн болох байх. Гэхдээ чи өөрөө л энэ замыг сонгосон гэдгээ битгий мартаарай гэсээр хувцсаа өмсөн гарах гэтэл Ганаагийн гар нь салганаж нvд нь эргэлдэн амьсгаадан ширээн дээр байсан хутгыг авч
-Чи хаашаа явах гээв. Эндээс гарна гэж битгий сана хэмээн гартаа барьсан хутгыг далайн бахиртал Цолмон тvvнд гомдсон гомдол нь аль хэдийнэ уур хилэн болж
-Тэгээд чи намайг алчих л даа. Чиний гарт vхэх хувьтай байсан юм бол одоо яая гэхэв. Алив тэгээд наад хутгаа нааш нь дvрээч гэж өөдөөс нь давшлахад Ганаа яаж ч чадахгvй гар дахь хутгаа газар унаган чимээгvй болтол Цолмон дэргэдvvр нь зөрөн гарах гэтэл Ганаа гэнэтхэн газар унасан хутгыг дахин шvvрч аваад
-Чи vнэхээр явмаар байгаа бол намайг vхсэний дараа яваарай хэмээн өөрлvvгээ дvрж орхилоо. Яг энэ эгшинд гэрийн гаднаас дуу чимээ болохыг сонссон Янжин авгай орж ирсэн байв. Цолмонг эргэн хартал Ганаа доош vхэтхийн унаж цусанд будагдсан гараа Цолмонгийн өөдөөс сарвайн юм хэлэхийг оролдоно. Цолмон Янжин авгай хоёр зэрэг зэрэг ухасхийн тvvний дэргэд уйлалдан байтал Цолмон сая сэхээрч яаралтай тvргэн дуудсан ч мөд ирэх шинжгvй болохоор машин дуудаж гэмтлийн эмнэлэг рvv авч явлаа. Ганаагийн ухаан орж гаран дэмийрсээр. Тэднийг эмнэлэг дээр ирж яаралтай тусламж авах гэтэл эмч нар тvvний амиа хорлох гэж оролдсоныг мэдээд дараа дараачийн хvнд өвчтөнvvдийг хvлээж авч байлаа. Янжин авгай хvvгийнхээ дэргэд нус нулимсандаа хутгалдан суухад Цолмон аргаа барж
-Эмчээ энэ хvн аль тvрvvн ирсэн шvv дээ. Та нар яагаад өөр хvн хvлээж аваад байгаа юм бэ. Энэ хvн vхлээ шvv дээ гэхэд өнөөх эмч Цолмонгийн өөдөөс ажиг ч vгvй
-Наад хvн чинь амиа хорлох гэж оролдсон гээ биздээ. Бид нарт өөр хvнд өвчтөн их байгааг харж байна уу хэмээн амыг нь таглаж орхив. Хvлээлгийн өрөөний орон дээр аажмаар vхэж байгаа нөхрийгөө харан зvрх нь шимширч арга барагдсан даа
-Эмчээ би энэ хvнийг хутгалсан юмаа. Энэ хvнийг авраач дээ. Би л энэ хvнийг хутгалсан юм хэмээн гашуун нулимс унаган хэлтэл эмч тvvнийг ажиглан харж зогссоноо сувилагч нартаа
-Энэ хvнийг оруул. Яаралтай мэс засал хийнэ гэж хэлээд харилцуур аван нэг тийш залгатал удалгvй хоёр цагдаа орж ирэн Цолмонг гавлан гарч одлоо. Цолмон ийм зvйл болохыг мэдэж байсан ч эр нөхрөө vхvvлэхгvйн тулд өөр ямар ч арга байгаагvй гэдгийг минь шалгаад мэдэх байлгvй гэж бодон чимээгvй дагаж явав. Ганаа хагалгаанаас гараад долоо хоноход ухаан ороогvй л байв. Цолмон тvр хориход долоо хоног юу болсныг мэдэх гэсэн ч огт сураггvй байсаар. Ингэж байтал нэг өдөр шvvх хурал болов. Шvvхийн танхимд Ганаагийн эгч нар болон Янжин авгай. Мөн хөдөөнөөс Цолмонгийн ээж аав хоёр ч ирсэн байлаа. Цолмонг хоёр цагдаа харгалзан гараас нь гав зvvж шvvхийн танхимд оруултал хvн бvхэн ам амандаа шивэр авир хийж байв.
-Энэ хvvхэн харахад их боловсон байрын хvvхэн байгаа биз. Цаанаа бол ёстой нэг харгис алуурчин. Нөхрийнхөө араар тавьж байгаад баригдангуутаа уурандаа хутгалчихсан байгаа юм даа гэх яриа хаа сайгvй тархана. Хvмvvсийн дунд нулимсаа арчин өрөвдөлтэйгөөр харж суугаа ээж аав хоёрыгоо хараад Цолмон эмзэглэвч нэгэнт буруугvй гэдэг маань нотлогдохоос хойш ээж аав хоёр минь бvv шанал даа гэж дотроо шивнэн алхсаар нэгэн ширээний ард суулаа. Шvvгч тэндээс алхаа нvдэн танхимын чимээ шуугианыг дараад шvvх хурал эхэлснийг мэдэгдлээ. Цолмон бvх болсон явдлыг тайвнаар дараалуулан ярив. Мөн гэрч гэх тэр өдөр Ганаатай архидсан хэдэн нөхөд нь ч мэдvvлэг өглөө. Эцэст нь Янжин авгай мэдvvлэг өгөх болтол тэрээр ажиг ч vгvй
-Намайг ороход энэ хvvхэн миний хvvгийн цээжинд хутга дvрж байсан. Би энэ хоёр нvдээрээ харсан гэж хэллээ. Цолмонгийн ухаан балартах шахан
-Ээжээ та яагаад ингэж хэлж байгаа юм бэ. Ганаа өөрөө өөрийнхөө цээжинд хутга дvрсэнийг та бид хоёр зэрэг шахам хараа биздээ. Эмнэлэг дээр очиход хvлээж авахгvй байхаар нь л би арга ядахдаа ингэж хэлсэн. Хэрэв би тэгж хэлээгvй бол Ганаа тусламж авч чадалгvй vхэх байсан. та одоо яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ гэж гайхаж ядан хэлтэл Янжин авгай
-Хvv минь чи намайг тэгээд худлаа хэллээ гэж байна уу. чи намайг харсаар байтал хvvг минь хутгалсан чинь vнэн биздээ гэж хэлэв. Цолмон vнэхээр энэ хорвоо дээр vнэнийг хэд дахин хэлээд ч нэмэргvй болсныг ухаарлаа. Ингээд тvvнийг эр нөхрөө хутгалж хvнд гэмтэл учруулсан хэмээн зургаан жилийн ялын тогтоол уншин хэрэг таслагдлаа. Гэхдээ Цолмонгийн хөл хvндтэйг харгалзан vзэж хvvхдээ төрvvлсний дараагаар тогтоогдсон ялыг эдлvvлнэ хэмээн шийджээ. Цолмонд энэ бvхэн яг л зvvд зэрэглээ мэт санагдав. Саяхан л инээж баясаж, ханийнхаа хамт хонгор vрийнхээ зулайг vнэрлэнэ гэж бодож явтал хоромхон төдийд ялтан болчихно гэхэд итгэж чадахгvй л байлаа. Цолмонгийн ээж аав тvvнийг гэртээ очиж сайн тэнхрээд хvvхдээ төрvvл гэсэн ч ээж аавдаа дараас болохгvйхэн шиг өөрөө өөрийнхөө лайг vvрнэ гэж шийдэн айлын хажуу өрөө хөлсөлж суух болжээ. Сураг сонсоход Ганаагийн бие овоо тэнхэрч байгаа сурагтай. Цолмон тvvн дээр очъё гэж бодовч голоо харлатал гомдсон сэтгэл нь тvvнийг хорьж байлаа. Удахгvй мэндлэх vрээ өрөвдөн хийгээгvй хэргийнхээ төлөө зургаан жил нарсанд суун хvvхдээ өнчрvvлнэ гэдэг санаанд багтамгvй санагдана. Ингэж байтал тvvний гурван сар дагуулан явж хөтөч хийсэн Солонгосчуудын дунд нэг залуу тvvнд их сайн хандаж vргэлж л нөхрийнх нь талаар асууж байдаг тэр хvнээс захидал ирлээ. Монголд хэдэн сарын турш байх хугацаандаа өөрт нь сэтгэлтэй болсноо илчилж амжаагvй байсаар нутаг буцсан, одоо маш их харагсаж, санаж vгvйлж байна гэх тvvний захиаг уншиж суусан Цолмон нэгэнт аргаар болдоггvй амьдралыг албаар vзэж яагаад болохгvйг гэж бодон тvvнд хариу бичлээ. Гэхдээ тэрээр тvvнд худлаа юм бичиж явуулахыг хvссэнгvй. Ямар байдалтай байгаагаа нэгд нэгэнгvй бичиж явуултал удалгvй өнөөх солонгос эр салхинд хөөгдсөн мэт дорхноо хvрээд ирлээ. Ингээд нэгэнт шийдсэн болохоор Цолмон чимээгvйхэн явахаар болж ээж аавдаа санаа зовсны хэрэггvй гэж хэлvvлэн алсад одлоо. Цолмон Солонгос орноор аялан зугаалж шинэхэн нөхрийнхөө хайр халамжид бялхан аз жаргалтай байлаа. Тэрээр хvvгээ төрvvлээд сайхан амьдарч байв. Тvvнийг явснаас хойш цагдаа цэрэггvй хайсан боловч нэгэнт ор сураггvй болсон учир хэрэг ч намжжээ. Ахиад л хорвоогийн хоног өдрvvд урссаар Цолмон Солонгост зургаан жилийн нvvр vзлээ. Энэ хугацаанд бас ч гvй нэлээд том компаний эзэн болж нөхөртэйгөө хөөрхөн хvvтэйгээ бас нэгэн жаахан охинтойгоо аз жаргалтай амьдрах ажээ. Зургаан жил гэдэг багагvй хугацаа. Ганаа ээж эгчийнхээ ятгалагаар нэг хvvхэнтэй суусан ч архинд толгойгоо мэдvvлсэн арчаагvй нэгэн болжээ. Vхэх төрөх ээлжилж л байдаг нь энэ орчлонгийн жам хойно Янжин авгай сvvлийн хоёр жил vргэлжийн хэвтэрт орж ханан гэр нь холдон хадан гэр нь нэгэнт ойртсон аж. Хvн гэдэг vхэхээ мэдэхгvй явсаар vхлийн хаалга ойртохын цагт гэм нvглээ санадаг гэж vнэн гэлтэй. Байнга л хэвтэрт, хvний асрамжид байдаг болсноос хойш өнгөрvvлсэн амьдралаа эргэн санаж гэм хоргvй хvний vрийг гvтгэн байж гэмтэн болгосондоо харамсан шаналах болжээ. Эцэст нь Янжин гуай vхэхээсээ өмнө ядаж нэг ч болсон нvглээ цайруулъя гэж шийдэн цагдаагийн газарт өргөдөл хvргvvлэн байдаг чадлаа шавхан байж Цолмонгийн хэргийг цайрууллаа. Ганаад өөрийн гэсэн бодол, хvсэл эрмэлзэл vгvй болж Цолмонгоо хааяахан дурсаж тvvнийхээ өмнө ямар их буруутайгаа бодон суух нь өрөвдөлтэй санагдана. Янжин авгай Цолмонгийн хэргийг цагаатгуулсныхаа дараа сэтгэл амар бурханы орноо заларчээ. Цолмонгийн хэрэг цагаадсан талаар хөдөө байдаг аав ээжид нь албан бичиг хvрч, төдөлгvй Цолмон өөрөө ч дуулснаар хорвоо дээр дахин нэг нар мандах шиг болов.
Алс холоос хааяахан нутгаа санагалзан суудаг Цолмон бvсгvй vе vехэн хайртай ханиа дурсавч гvйгээд очих эрхгvй байсан авч тvvний хэргийг цагаатгасныг мэдсэнээс хойш нутгаа зорихыг хvсэх болжээ.
Хоёр хvvхдээ дагуулсаар эх орондоо буулаа. Тэрээр уртаар амьсгалаад
-Эх нутаг минь ямар сайхан юм бэ хэмээн өөрийн эрхгvй нулимс унаган алхана. Тэрээр хэдхэн хоногийн хугацаатай ирсэн болохоох энэ хугацаанд ээж аавтайгаа уулзаж басхvv Ганаагийнхаа царайг ганц удаа ч болов хараад явах л гол зорилго нь байв. Цолмон Монголд ирээд тав хонолоо. Ирэнгvvтээ л хөдөө суугаа аав ээж дээрээ очин сайн сайхан яваагаа дуулгаж санаа сэтгэлийг нь амраагаад хотод ирлээ. Одоо Цолмонд Ганаатай уулзах л vлдсэн байв. Цолмон Ганаагийн утасны дугаарыг олж аваад тvvн рvv залган уулзахаар тохирлоо. Анх уулзаж байсан сургуулийн салхивчин дор ирээд хvлээж зогсох Ганаагийн сэтгэл хөдлөн тэсч ядан хvлээвч ханийнхаа өмнө хийсэн алдаа гэмшлээ бодхоор уулзах нvvргvй атлаа би чинь энд юугаа хийж байгаа юм бэ хэмээн өөрөө өөрөөсөө асууна. Ингэж байтал Цолмон ч ирлээ. Урьдын л адил урин дулаан инээмсэглэл, сэтгэл татам харц яг л хэвээр байв. Тэд биенээ харан хэсэг чимээгvй зогсоод энэ хугацаанд яажшуу амьдарч байснаа ярилцан суутал Цолмон тvvнд хvvгийнх нь зургийг өгөөд
-Ганаа, энэ бол чи бид хоёрын хvv. Яахав тэр vед чи өөрийнхөө хvvхэд биш гэж байсан ч одоо тэгж хэлэхгvй юм байгаа биздээ гэхэд өөрийг нь өвччихсөн юм шиг дуурайсан хvvгийнхээ зургийг хараад ихэр татан уйлж
-Цолмон минь, намайгаа уучлаарай. Дэндvv өөрийнхөө зvтгэдэг мулгуу намайгаа уучлаарай хэмээн өнгөрсөн бvхний хойноос гашуудан, харамсан уйлж суув. Цолмон хvслээ биелvvлж уулзах гэсэн хvмvvстэйгээ уулзчихсан болохоор хvvхдvvдээ дагуулан Солонгос орныг, эр нөхрөө зорин одлоо. Эх нутгийнхаа агаараар хэдэнтээ амьсгалж эжий аавдаа золгон, агшин төдий ч амьдрал зохион ханилсан хайртыгаа харж сэтгэлээ амраасан болохоор энэ бvсгvйд одоо хорогдох юу байх билээ. Хvний амьдрал гэгч таахын аргагvй оньсого таавар ч бас заримдаа тайлагдаж болдог гайхалтай сонин зvйл. Магадгvй тvvний сэтгэл сvv шиг цагаан болохоор, тал нутаг шигээ уудам болохоор бурхан тvvнийг ивээсэн болов уу.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив