Minii xairiin tvvx

yu ch xamaagvi bicheed baiyaa.ta nar unshaad l bxgvi yu daa gej...

Эх, хүү, төөрсөн хайр сэтгэл,...

Шөнийн тэнгэрт одод анивчаад, хавар цагийн бүлээн салхи чийг ханхлуулан сэнгэнэнэ. Гэр доторх бүх л юм эл хуль оргин байх агаад анир чимээгүйн дунд хэн нэгний санаашран суух бүдэгхэн чимээ хааяахан гарна. Дүүриймаа нойронд автан буй охиныхоо дэргэд суун Сугарын ирэхийг хүлээн байн байн цаг харан, хонх дуугарахыг хүлээх аж. Өдий болтол хамт амьдрахдаа нөхөртэйгөө цөөхөн хэдхэн удаа бүтэн өдрийг хамт өнгөрөөж бусад үед дандаа л ингэж хүлээж суудаг болохоор энэ бүхэн хэвшил болжээ. Сугар их сургуулийн багш, доктор хүн. Байнга л ажил төрөлтэй, завгүй учир хоногтоо л гэрийн бараа харна. Дүүриймаа оюутан байх дөрвөн жилд Сугараар хичээл заалгаж, гарынх нь сайн шавь байсаар эцэст нь сургуулиа төгсөөд түүний эхнэр нь болжээ. Сугар бол төлөв түвшин, дуу цөөнтэй хүн. Тийм ч болохоор Дүүриймаа тэр хоёрт гэр орны элдэв маргаан гэж ер гардаггүй байсаар иржээ. Найман жил ханилахдаа тэд Уянгаа гэдэг нэгэн хөөрхөн охинтой болсон аж. Уянгаа охин дөнгөж долоон настай хирнээ аав шигээ ухаалаг, ээж шигээ хөөрхөн төрсөн охин билээ. Бусдын л адил энэ айлын амьдрал өдийг хүртэл аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байсаар.
Шөнийн нэг цаг болж байхад Сугар ч ирлээ. Ядарч цонхийсон нөхрийгөө хараад Дүүриймаа хоол халааж, цай аягалан өгөөд дэргэд нь суун хүүхэд мэт эрхлэн наалдаж
-Миний өвгөн их ядарсан байх чинь. Хэд хоногийн амралт авч болдоггүй юмуу. Гурвуулаа нэг салхинд гараад ирвэл зүгээрсэн гэж хэлэхэд Сугар зөөлөн буйдан дээр налан суугаад
-Амралт яах вэ. Удахгүй нэг тэмцээн болох гээд хэдэн оюутан бэлдээд завгүй байнаа. Тэгж байгаад хэдүүлээ салхинд гарнаа за юу хэмээн Дүүриймааг дулаахнаар ширтэн хэллээ. Тэдний яриа үргэлжилсээр Сугар сая нэгийг санах шиг болон Дүүриймаад хандан
-Өө нээрэн чамд нэг юм хэлэхгүй бол болохгүй. Маргааш би нэг оюутан хүүтэй ирнэ. Хөдөөний хүү байгаа юмаа. Энд хамаатан садан гэж байхгүй болохоор хэсэгтээ манайд бай гээд хэлчихсэн. Тэгээд ч одоо болох тэмцээнд бэлдэж оролцох миний найдвар тавьж байгаа шавь юм. Миний хөгшин өрөө бэлдээрэй гэхэд Дүүриймаа
-Тэгэлгүй яахав. Би маргааш сайхан өрөө бэлдчихье гэсээр тэдний яриа өндөрлөн унтахаар хэвтэцгээв. Өглөөний нар нүүрэн дээр тусан төөнөхөд Дүүриймаа сая сэрж Сугар хэдийнэ босоод явсан байв. Дүүриймаа халаадаа өмсөн галын өрөөнд орж охиныхоо ундыг бэлдэн шинэ өглөөтэй золголоо. Нөхрийнх нь шавь ирэх болохоор Дүүриймаа хичээн гэр орноо илүү сайхан цэвэрлэж, хажуугийн өрөөгөө тохижуулсаар нэг мэдэхэд орой болчихжээ. Уянгаа охин ээжтэйгээ хоол бэлдэлцэн зочин ирэхийг гадарлан
-Ээжээ манайд хэн ирэх гэж байгаа юм бэ?гэж асуусанд Дүүриймаа охиноо үнсээд
-Аавын чинь хайртай шавь ирнэ. Миний охин оройд уйдахгүй байхаа гэхэд Уянгаа дотроо баярлан аавыгаа ирэхийг тэсч ядан хүлээнэ. Ингэж байтал хонх дуугаран Сугар ч ирлээ. Дүүриймаа хаалга онгойлгох зуураа Сугарын ард зогсох бас ч үгүй нуруулаг хөөрхөн бор хүүг хараад
-Манай нөхрийн хайртай шавь нь ирэв үү? За ор ор хэмээн инээмсэглэн хэлэхэд Анар толгойгоо илэн багшийнхаа араас даган өрөөрүү орлоо. Дүүриймаа нас тогтсон гэрийн эзэгтэй ч хөнгөн шингэн хөдөлж хоол унд зөөн ширээ дүүргэлээ. Сугар Анартай тэмцээний талаар ярин, ойлгохын аргагүй хачин сонин тоо ярихад Дүүриймаа хэсэг чимээгүй сууснаа
-Миний өвгөн хоол идэж байж битгий хичээл яриад бай л даа. Наад хүү чинь хоол идсэн ч болохгүй шүү дээ. Бүгдээрээ өөр юм ярья гэхэд Анар Дүүриймааг ихэд ажсан шинжтэй харж суулаа. Сугар ч толгой дохин инээмсэглэн Анар Дүүриймаа хоёрыг ээлжлэн харж
-За за би одоо хичээл ярихгүй ээ. Ингэхэд та хоёр чинь танилцаагүй юм байна шүү дээ гээд Анарын өөдөөс харан үрчлээ суусан духаа үл мэдэг тэнийлгэж
-Энэ манай эхнэр Дүүриймаа гэхэд Анар Дүүриймаагийн өөдөөс харж намайг Анар гэдэг хэмээн ээрч түгдчин хэлтэл Дүүриймаа тачигнатал инээн өтгөн хар үсээ хойш илэх зуураа
-Ийм том эр байж ямар жаахан хүүхэд шиг юм бэ хэмээсэнд Анар бас л толгойгоо илэн доош харлаа. Тэд оройжин элдвийн хөгжилтэй юм ярилцан инээлдэж шөнө дунд болсон хойно унтацгаав. Маргааш нь Сугар ажилдаа яван, Уянгаа охин ч хичээлдээ явсан болохоор гэрт Анар Дүүриймаа хоёроос өөр хүн үлдсэнгүй. Анар тэмцээнд орох тул хичээлээс нь сарын чөлөө олгож зөвхөн тэмцээндээ бэлдэн гэрээс гарахгүй байх л хэрэгтэй байв. Дүүриймаагийн бэлдэж өгсөн өрөөнд хичээлээ хийх зуураа хаалганы цаана сонстох гэр цэвэрлэх гэрийн эзэгтэйн тухай бодно. Өдөр хоног өнгөрсөөр долоо хоноход сая нэг Дүүриймаа Анар хоёр хоорондоо юм ярьдаг болжээ. Анар өрөөнөөсөө гарч ирэхдээ дандаа л толгойгоо илдэг болохоор Дүүриймаа тэсч чадахгүй бас л инээчихнэ. Тэгээд Анар
-Би тийм инээдэмтэй байна уу ? гэхэд Дүүриймаа инээдээ барин байж
-Миний дүү уурлаагүй биздээ. Чамайг харахаар багын явдал санаанд ороод гэж хажуу дахь сандлаа дөхүүлэн тавиад
-Жаахан суу л даа гэсэнд Анар дуртайяа сандал дээр суун тэдний дунд халуун яриа өрнөлөө.
-Дүүриймаа эгчээ та одоо хэдэн настай вэ? гэсэнд Дүүриймаа
-Эгч нь одоо гуч нэлээн гарч явна даа гэхэд Анар гайхан хараад
-Нээрэн үү? Худлаа байлгүй дээ. Би таныг хорин хэдтэй л гэж бодсон гэсэнд Дүүриймаа
-Би тийм залуухан харагдаж байна уу? Сонин юмдаа. Чамаас өөр хүн надад ингэж хэлж байгаагүй шүү гэхэд Анар үнэн сэтгэлээсээ нүдээ томруулан
-Нээрээ шүү. Анх би танайд ирэхэд таныг Сугар багшийн охин л юм байх гэсэн чинь эхнэр нь байдаг байгаа гэхэд Дүүриймаа балгаж байсан цайндаа хахан
-Юу гэнээ. Охин нь байхдаа яахав дээ. Манай өвгөн чинь надаас арван насаар ах ч гэсэн тийм их зөрүү биш ш дээ гэсээр тэдний яриа үргэлжиллээ. Өдөржингөө гэрийн мухар сахин охин нөхөр хоёрынхоо хоол ундыг бэлдэн, хувцас хунар угааж, гэр цэвэрлэсээр байгаад орчлонгийн сонин сайхнаас тасарсан байснаа Анартай өнгөрүүлсэн хэд хоногт Дүүриймаа бүсгүй сая мэдэрчээ. Сугар шөнө дөл болсон хойно ирээд л Анарт даалгавар өгчихөөд унтаад өгнө. Уянгаа охин хичээлдээ яваад орой ирдэг болохоор зөвхөн Дүүриймаа Анар хоёр л өдөр бүхэн хамт байж, инээж хөхрөн өнгөрүүлнэ. Дүүриймаагийн уяхан дуу хоолой, намбалаг дүр төрх Анарын зүрхийг нууцхан хөндөн байх ажээ. Нас тогтсон атлаа яг л арван наймтай танхил жаахан охин мэт энэ бүсгүйн төрхөнд өөрийн мэдэлгүй автан буйдаа Анар сэтгэл зовнин зүрхээ хоривч нэг л мэдэхэд Дүүриймаагийн тухай гүн бодолд автан суусаар. Анар бол их сургуулийн гуравдугаар курсын оюутан. Аавтайгаа хоёулханаа амьдардаг, ядуу тарчигхан өссөн хөдөө нутгийн хүү билээ. Гэвч багш нар төдийгүй сургууль даяараа түүнийг магтан сайшаадаг тэргүүний суралгатан. Хар багаасаа амьдарлын хүнд хэцүүг туулж өссөн болоод ч тэрүү үеийнхээ хүүхдүүдээс арай л илүү хэрсүү нэгэн ажээ. Оюутан болсноосоо хойш ангийнхаа Нараа гэдэг охинтой сайн найзууд болцгоож аажимдаа бие биедээ дасан үерхсэн билээ. Анарыг багшийндаа байх хугацаанд Нараа хааяа нэг утасдаж уулзмаар байгаагаа хэлэхэд Анар хичээл ихтэй, тэгээд ч намайг гарч болохгүй гэж Сугар багш хэлсэн гэж аргалах болжээ. Түүний Дүүриймааг гэсэн сэтгэл өөрийн эрхгүй Нараатай уулзуулахгүй байлаа. Өдөр ирэх тусам тэд ижилсэн дасаж төрсөн эгч дүүс шиг байх болжээ. Гадна хаврын хавсрага нүүр нүдгүй балбан цонхны шил чичвэгнэн хөдөлнө. Дүүриймаа оройн хоолны дараа Сугарыг хүлээх зуураа цаг нөхцөөх гэж нэхмэлийн утас зүү барин суулаа. Анар өдөржин хичээл хийж өнжсөн болохоор биенийхээ чилээг гаргахаар өрөөнөөсөө гарч ирэн түшлэгтэй сандал дээр юм нэхэн суугаа Дүүриймааг хараад дэргэд нь очиж суун
-Та юу хийж байгаа юм бэ? гэсэнд Дүүриймаа
-Сандлын тор нэхэж байнаа. Харин чи өнөөдөр сайн хичээл хийх шив дээ гэхэд Анар
-Багшийн өгсөн бодлогуудыг бодож дуусгах гээд суучихсан чинь орой болчихжээ гэж тэрхүүхэндээ чимээгүйхэн инээхэд Дүүриймаа түүний ярихыг сонсож сууснаа
-Чи надад нэг хүнийг их санагдуулах юмаа гэж санаашрахад Анар гайхан өөдөөс нь харж
-Хэнийг тэр вэ? Эсвэл хайртай хүнээ санагалзаа юу? гэсэнд Дүүриймаа
-Жаахан хүүхэд байж ямар хамаагүй юм асуудаг юм бэ. Гэхдээ чи бараг л таачихлаа гэсээр тэдний яриа урьд өмнөхөөс илүү дотно үргэлжлэв. Дүүриймаа урьд өмнө нь хэнд ч ярьж байгаагүй бүхнээ Анартай хуваалцан сууна. Залуу насны гэгээн хайраа нэг хүнд өгсөн боловч түүнээсээ өөрөө зугтан одсон тухайгаа ярьж сэтгэлээ онгойлголоо. Яагаад ч юм Дүүриймаагийн хайрлаж явсан тэр хүнтэй Анар их төстэй болохоор дурсамж болон хоцорсон хайраа эргэн санагалзсан нь энэ буй за. Анар ч гэсэн өөрийн амьдралаа цухас ч болов Дүүриймаад ярин бас ч үгүй багаасаа зовлон эдэлж аавтайгаа хамт өдийг хүртэл амьдралын нугачаанд нухлагдан бурхан болсон ээжийгээ ямар их санан бэтгэрч явдагаа ярилаа. Анарыг харахад хүдэр сайхан залуу ч үнэндээ сэтгэл нь нялхаараа яваа хүү билээ. Дүүриймаагийн өмнө суун сэтгэлээ онгойтол ярьж суухдаа хоёр нүднээс нь зовлонгийн гашуун нулимс дуслан байх ажээ. Тэдний ингэж суухыг зэрвэс харвал яг л ээж хүү хоёр шиг харагдана. Энэ өдрөөс хойш гурав хонолоо. Өглөөгүүр Дүүриймаа гадуур гарч хоол хүнсээ цуглуулан ширээ засах амттан ч авчээ. Уул нь тэднийд ямар нэг баяр болохгүй ч тэрээр жил болгоны энэ өдөр сурсан зангаараа ширээ засан учир битүүлэг баярыг тэмдэглэдэг аж. Хэдэн тороор дүүрэн юм цуглуулчихаад гэртээ ортол Анар тортой юмнаас нь өргөлцөнгөө
-Өнөөдөр ямар нэг баяр тэмдэглэх гэж байгаа юмуу? гэсэнд Дүүриймаа хэсэг чимээгүй байснаа
-Тийм гэх үү дээ. Эзэнгүй баяр тэмдэглэнэ дээ гэсэнд Анар нэг л ойлгосонгүй
-Эзэнгүй баяр гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэхэд Дүүриймаа гэрийн халаадаа өмсөх зуураа
-Нэг хүний төрсөн өдөр. Гэхдээ тэр хүн байхгүй. Яахав би л дотроо түүнд баяр хүргэн төрсөн өдрийг нь тэмдэглэдэг байхгүй юу. За за миний дүү цааш нь мэдэх хэрэггүй ээ гэсэнд Анар дотроо Дүүриймааг хайртай хүнийхээ төрсөн өдрийг л тэмдэглэж байгаа юм байна даа. Yнэхээр өдийг хүртэл Дүүриймаа эгчийн хайрыг татаж, сэтгэл зүрхийг нь нэг мөсөн эзэмдсэн тэр хүнд битүүхэн атаархах сэтгэл төрж байв.
-Сонин юмаа. Өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ гэхэд Дүүриймаагийн харцанд тодрон байсан гуниг сарнин гэрэл гэгээ гийх шиг болон
-Нээрэн үү, Ямар сонин тохиолдол вэ? Эгч нь сайхан ширээ заснаа. Ганц дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхгүй бол болохгүй шүү дээ. Yгүй ингэхэд чи одоо хэдэн нас хүрч байгаа юм бэ? гэхэд Анар бас л жаахан хүүхэд мэт хуруу гараа оролдон
-Хорин нэг хүрлээ гэсэнд Дүүриймаа инээд алдан
-Том эр болжээ. Алив эгч нь үнсье гээд духан дээр нь зөөлөн үнсээд
-Төрсөн өдрийн мэнд хүргэе гэхэд Анар яг энэ жаргалтай агшинг үүрд мартахгүй гэсэн шиг нүдээ анин зүрхээ дарж зогссоноо сая сэхээрэн
-Баярлалаа гэхээс өөр юу ч хэлж чадсангүй өрөөндөө орон юу болоод байгаагаа ойлгох гэж хичээнэ. Түүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөч энэ байлаа. Орой Сугар ч эрт ирж Анарын төрсөн өдрийг баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэлээ. Анарт Уянгаа охиноос эхлээд өөр өөрсдийн бэлгээ гардуулж эцэст нь Дүүриймаагийн ээлж болоход нөгөө өрөөндөө орон өөрийнхөө гараар нэхсэн шаргал өнгийн цамцыг бэлэглэлээ. Тэрээр энэ цамцыг сэтгэлийнх нь гүнд хоногшин байдаг нэгэн хүнд зориулан нэхсэн боловч хэзээч үүнийг өгч чадахгүйгээ мэдэх болохоор сэтгэлд нь орлон байгаа Анарт өгч буй нь энэ. Дүүриймаагийн өгсөн энэ бэлгийг Анар өөрөөсөө хүртэл харамлан нандигнана. Нэг сар гэдэг алга урвуулах адил өнгөрсөн ч энэ хугацаанд олон ч юм болж өнгөрөв. Анарын уралдаан дөхөж Сугар багшийнхаасаа явах ойртох тусам далдхан гуниг сэтгэлд нь төрнө. Уралдааныхаа дараа шууд гэрлүүгээ харих болохоор бүр ч холдоно гэхэд төсөөлөгдөшгүй байлаа. Гэвч хүссэн хүсээгүй уралдаан ч болж итгэл найдвар тавьсан багшийнхаа итгэлийг алдсангүй тэргүүн байрыг эзэллээ. Анарын гавьяаг тэмдэглэхээр Дүүриймаа хоол унд бэлдэн ширээ засаж суухдаа өөрийнхөө амьдралыг эргэн дурсаж хэн хүнээс нуусаар ирсэн өөрийнхөө төрсөн үрийг бодон санан байлаа.
…Дүүриймаа анх оюутан болж хот газар ирэхдээ хажуу айлынхаа Мөнхөө гэдэг хүүтэй үерхэн бие биедээ сэтгэл алдран түүгээр ч барахгүй хожим сургуулиа төгсөөд хамт амьдарна гэдэгтээ итгэл дүүрэн байжээ. Ийнхүү тэдний хайр дурлал үргэлжилсээр Дүүриймаа нэгдүгээр курсээ төгсөх хавар бие давхар болоод хөдөө гэрлүүгээ харьжээ. Түүний гэрийнхэн ихэндээ хүлээн зөвшөөрөхгүй байсан ч нэгэнт үр тээж яваа хүнийг зовоогоод яахав гээд орхисон аж. Хичээлээсээ жилийн чөлөө аван хүүгээ гаргачихаад удаагүй байтал Мөнхөө ирж хүүгийнхээ царайг харан хэд хоног хамт байж байгаад хичээлдээ явжээ. Гэтэл Дүүриймаа хүүхэд өсгөхийн хүнд хүчрийг тэсвэрлэлгүй, хажуугаар нь бусад хүүхдүүд сурч боловсорч байхад би л гэрийн мухар сахисан авгай болох гэж үү хэмээн Мөнхөөгийн араас очин хүүгээ түүнд өгч цаашид ямар ч харьцаа байхгүй болсон гэдгээ хэлсэн билээ. Хэдийгээр түүнд нялх үрээ санагалзан хэцүү байсан ч ойр хавийнхаа хүмүүсийн үгээр орж ирээдүйн сайн сайхнаа баллахгүй гэсэндээ ингэж шийдсэн билээ. Олон ч удаа гүйгээд очмоор санагдан нэг удаа тэсвэр алдан Мөнхөөгийнд очтол аль хэдийнэ нүүчихсэн байлаа. Өөрийнхөө хийсэн алдаанд харамсан, хайр дурлал, энхрий үрээ өөрөө орхисондоо нэг хэсэг сэтгэлээр унан тэр хоёрыгоо эргээд ирэх болов уу гэж дэмий л горьдон суудаг байжээ. Удалгүй сургуулийнхаа багштай ойр дотно байж, өөртөө тэр тухай бодох зав олголгүй байсаар сургуулиа төгсөн Сугартай сууж ганц охин гаргасан билээ. Тэр үед хүүдээ Дөлгөөн гэдэг нэр хайрласан болохоор сэтгэл дотор нь өсөн торних Дөлгөөн хүүгийнхээ царайг ганц удаа ч болов харахыг хүснэ. Түүний тэмдэглэдэг тэрхүү эзэнгүй баяр бол Дөлгөөний төрсөн өдөр билээ. Анартай нас чацуу, нэг өдөр төрсөн болоод ч тэр үү Анарыг өөрийн хүү шигээ хайрладаг болохоор одоо түүнийг явах гэж байгаад бас л сэтгэл нь эзэнгүй орхигдох шиг санагдана. Ингэж суутал гадна инээд хөөр болсон чимээ гарч Сугар Анар хоёр, бас сургуулийнх нь хэдэн багш нар ирлээ. Тэд оройжин найрлаж цаашид сургуулийнхаа нэрийг гаргах Анарын тухай хүн бүхэн ам булаалдан магтана. Сугар ч өөрийн бэлдсэн шавиараа бахархан зочдыг архи ундаагаар шахан өөрөө ч бусад нь ч нэлээд согтоцгоожээ. Анар тэмцээнд түрүүлээд сэтгэл дүүрэн байсан ч сэм сэмхэн Дүүриймаа эгчийгээ харан түүнтэй дахиад уулзахгүй гэж бодохоор дэндүү харамсмаар санагдана. Багшийндаа байсан нэг сарын турш бүсгүй хүний далд гоо үзэсгэлэнг Дүүриймаагаас олж харсан тэрээр нэгэнт сэтгэл зүрхээ татахад оройтсон байлаа. Дүүриймаа галынхаа өрөөнд орж аяга тавгаа угааж зогстол Анар орж ирэн хаалганы дэргэд зогсож
-Дүүриймаа эгчээ би маргааш хөдөө гэрлүүгээ явлаа гэхэд Дүүриймаа нойтон гарынхаа бугуйгаар урагш унжсан үсээ илээд Анарын өөдөөс харж
-Зуны амралт эхэлчихсэн юм чинь харилгүй яахав дээ. Тэгээд миний дүү эгчийгээ мартав аа гэсэнд Анар хажууд нь дөхөн ирж
-Юу гэсэн үг вэ? Яалаа гэж таныг мартахав дээ. Харин танайд байсан нэг сарын хугацаанд ёстой мартахын аргагүй сайхан байлаа. Сугар багш та хоёрт би их өртэй хоцорлоо доо гэсэнд Дүүриймаа инээмсэглэн хажууд нь зогсох Анарын толгойг илэн
-Эгч нь чамайг их санах байх даа. Намар ирэхээрээ эгч дээрээ заавал ирээрэй за юу хэмээхэд Анар өөрийн мэдэлгүй амнаас нь
-Би танд … гэснээ чимээгүй болон эргэтэл Дүүриймаа гайхан
-Чи юм хэлэх гээ юу? хэл л дээ. Эгч нь сонсож байна гэсэнд Анар ийм боломж дахин хэзээ ч тохиохгүй болохоор хэлэхээр шийдэн багшийнхаа барьсан хундага дарсанд зориг ороод ч тэр үү
-Дүүриймаа эгчээ, та намайг ойлгохыг хичээгээрэй. Yнэндээ би танд хайртай болчихсон гэсэнд Дүүриймаа ямар нэгэн юманд цохиулсан мэт болон толгой нь эргэж, хөшин зогслоо. Орой тэд хоорондоо өөр юу ч ярьсангүй. Ирсэн зочид шөнө дунд болсон хойно буцацгааж Сугар уусан архиндаа согтоод унтжээ. Анар Дүүриймаад хэлсэн үгнээсээ өөрөө ч цочих шиг болон цээжинд нь багтаж ядах зүрхээ тайвшруулья гэвч улам оволзон байлаа. Дүүриймаа Анарын хэлсэн үгэнд сэтгэл зовнин итгэж ядавч үнэхээр хүний нялх үрийн сэтгэлийг зовоож байгаа юм болов уу хэмээн элдвийн юм бодон нойр нь хулжжээ. Маргааш өглөө нь Дүүриймаа эрт босон Анарыг явахаас өмнө унд бэлдээд түүнийг сэрээхээр өрөөг нь шагайтал байсангүй. Хаачсан юм бол гэж бодон өрөөнд нь ортол хичээлээ хийдэг байсан бяцхан ширээн дээр эвхэж тавьсан цаасыг авч уншлаа.
Дүүриймаа эгчээ танд болон багшдаа баяртай гэж хэлэлгүй явсанд уучлаарай. Танайд байсан хугацаанд би маш их аз жаргалтай байсан. Таны хийсэн амттай хоол, сэтгэл дулаацуулам инээмсэглэл, хэзээ ч мартагдахааргүй таны үнэр. Энэ бүхэн надад дахин олдохгүй алтан дурсамж байсан. Өчигдөр орой танд хэлсэн үг зүгээр нэг сэтгэлийн хөдлөл байгаагүй ээ. Би үнэхээр танд хайртай болсон. Танд тэнэг санагдаж байгаа биз. Тиймээ би багшийнхаа эхнэрт дурлаж толгой нь эргэсэн тэнэг амьтан. Намайг уучлахгүй байж болноо. Гэвч таныг хайрласан энэ өчүүхэн сэтгэлийг минь ойлгохыг хичээгээрэй. Би таныг үүрд хайрлах болно… Анараас. Yүнийг уншсан Дүүриймаа яах ч учраа олохгүй балмагдан зогсож байхдаа
-Бурхан минь энэ чинь юу болж байнаа гэж амандаа шивнэн зогсоно. Yр шигээ хайрладаг энэ хүүгийн дотоод сэтгэлд эмэгтэй хүн гэдэг дүр төрхөөрөө хайрлагдан буй нь нүгэл гэмээр атлаа нүгэлгүй нүглийн үр ажгуу. Гартаа барьж зогсох Анарын үлдээсэн захидлыг яахаа мэдэхгүй зогсох зуур нүдэнд өртсөн нэгэн номны завсар хийж орхилоо.
Хаврын урт өдрүүд зуны аагим халуунаар солигдон хотын гудамж эл хуль оргин байлаа. Дүүриймаа бодолд автан алхална. Гэнэт түүний бодлыг сарниулан хажуугаас нь нэг хүн
-Сайн уу? Дүүриймаа эгчээ гэсэнд Дүүриймаа толгойгоо өргөн хартал Анар зогсож байв.
-Yгүй чи чинь энд юу хийж явна вэ? гэж гайхан асуусанд Анар инээмсэглэн
-Энд ирээд долоо хонож байна. Танайхан сайн л биздээ гэхэд Дүүриймаа тэр хоёр хамт алхангаа
-Сайн сайн, ирээд удаж байгаа юм бол манайхаар очихгүй дээ. Тэгээд ямар хэргээр наашаа ирэв гэхэд Анар
-Аавын маань бие нэлээд тааруухан байгаа. Энд эмчилгээ хийлгэхээр ирсэн. Нэг л өөдөлж өгөхгүй л байна даа гэсээр тэд хууч хөөрөн явлаа. Ойрд уулзалдаагүй болохоор ярих сонин хачин их байсан ч Анар хөөцөлдөх ажил ихтэй байсан болохоор хэдэн үг солилцоод саллаа. Энэ өдрөөс хойш тэд нэлээд удаан хугацаанд уулзалдсангүй. Дүүриймаа урьдын л адил гэрийн ажил энэ тэрхэнээр өдөр өнгөрөөж сууна. Сугар хааяа нэг сургууль орж гэртээ байх хугацаандаа номноос салахгүй байдаг болохоор зуны гурван сар гэдэг дэндүү урт, дэндүү уйтгартай байсаар. Бүхэл зуны турш нэг иймэрхүү байсаар намрын налгар өдрүүдтэй золголоо. Амьдрал гэдэг түүний хувьд зүгээр л зөнгөөрөө урсаж байдаг намуухан гол горхи мэт санагдана. Хичээлийн шинэ жил эхэлж хот тэр аяараа хөдөлгөөнд оржээ. Сугарын ажил эхлээд нэлээд хэд хонолоо. Дүүриймаа нэг удаа Сугараас Анарыг асуухад тэр хичээлдээ ирээгүй гэнэ. Юу болсон тухай Сугар сургуулийн захиргаанаас асуусанд Анарын аав нь өөд болоод их л хэцүү байгаа болохоор сургуулиасаа гарах өргөдөл өгчээ. Yүнд сургуулийн захиргаа ч, Сугар багш нь ч харамсаж ямар нэгэн аргаар нэг жил сурах ёстой гэж хөдөөнөөс дуудуулжээ. Төгсөхөд ганцхан жил дутуу, тэгээд ч авьяаслаг энэ хүүг хэн ч зүгээр хараад өнгөрөөхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Дүүриймаа энэ тухай сонсоод ихэд харамсан зун ирээд явахад нь эмнэлэг дээр эргэж очихгүй яавдаа. Төрсөн үрээс минь ялгаа юу байхав. Аавыг нь эргэчихсэн бол хэмээн дэмий л харамсаж суулаа. Удалгүй хөдөөнөөс Анар иржээ. Дүүриймаа яагаад ч юм түүнтэй уулзахгүй бол болохгүй санагдаад сургууль дээр нь очин ангийнх нь үүдэнд хүлээж зогстол Анар ч гарч ирлээ. Анарын гал цогтой нүдэнд гунигийн сүүдэр тогтоод, урьд өмнөхөөсөө их л өөр болжээ. Дүүриймаа эгчийгээ ирснийг харсан Анар өчүүхэн ч болов сэтгэлд нь гэрэл гийн явж очлоо. Тэд нэлээд удаан ярилцаж зогсов. Сугар сургуулийн коридороор явж байснаа тэр хоёрын уулзаж байгаад их л гайхаж өдий олон жил хамт амьдрахдаа над дээр нэг ч удаа ирж үзээгүй хүн ингэж явааг хараад гайхах сэтгэл төрж байв. Сугар ажлаа таран гэртээ ирж эхнэрийнхээ хийсэн хоолыг идчихээд юу ч болоогүй царайлан
-Чи өнөөдөр манай сургууль дээр очоо юу ? гэсэнд Дүүриймаа
-Чи яаж мэдэв. Чамд Анар хэлээ юу? Цаад муу хүү чинь сэтгэлээр их унасан байна лээ. Тэгээд л жаахан юм ярьж зогсоод гэсэнд Сугар духаа үрчийлгэн буруу харан хэвтлээ. Анар хааяа нэг хичээлийнхээ зав чөлөөгөөр багшийндаа ирж Дүүриймаатай элдвийг ярин өнгөрөөдөг болжээ. Тэрээр урьдынх шигээ хөгжилтэй сэргэлэн хүү биш болжээ. Хааяахан санаа алдаж суухдаа аавынхаа тухай санагалзан байдгийг Дүүриймаа л хэнээс ч илүү мэднэ. Анар хотод ирсэнээсээ хойш Нараатай уулзахаа байжээ. Нэгэнт өөр хүнд сэтгэл зүрхээ өгсөн болохоор, тэгээд ч хорвоо дээрх цорын ганц амьд шүтээн аавыгаа алдсанаас хойш элдвийн юм бодож явахаа ч байж. Зовж шаналж байгаа энэ үед Дүүриймаа л түшиг тулгуур болж байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Анарын сургуулиар нэг цуу яриа тархжээ. Анарыг Дүүрийаатай явж байхыг бишгүй олон хүн харжээ. Энэ бүхнийг буруугаар ойлгосон хүмүүс Сугар багш сайхан эхнэрээ шавьдаа алдаж байгаа гэнээ. Анар дуугай царайлчихаад айхтар залуу юмаа гэх хов жив тасрахаа байлаа. Амьдралын өмнө хэнийг ч ад шоо үзэж, аархаж ундууцаж үзээгүй Сугарын хувьд сүүлийн хэдэн сарын турш аймшигтай хэцүү байсаар. Yнэндээ энэ бүхэнд итгэж чадахгүй байсан ч тэр хоёрын уулздагт эргэлзэх сэтгэл төрдөг байв. Сугарын тэвчээр барагдан Дүүриймаагаас юу болоод байгааг асуулаа
-Дүүриймаа минь, сүүлийн үед Анар та хоёр салж чадахгүй эгч дүүс болоо шив дээ гэж хүйтнээр асуухад Дүүриймаа
-Чи чинь юу яриад байнаа. Наад үгээрээ юу хэлэх гээв гэж асуултыг асуултаар хариулахад Сугар дотроо багтаж ядах уур хилэнгээ барьж ядан
-Чи битгий мэдэхгүй царайл. Та хоёрын тухай сургуулиар нэг ярьж байна. Энэ бүхнийг тэсэж тэвчих тэвчээр минь ч барагдлаа. Та хоёр намайг яаж доромлох гээв хэмээн уурсахад
-Хөгшин минь. Чи арай дэндэж байгаа юм бишүү. Бусад хүмүүс тэгж ойлгож болно. Тэгэхэд чи хүртэл ийм юм яриад сууж байдаг. Чиний тэр эрдэмтэн сэхээтэн чинь яагаав гэж хариултал Сугар номны завсраас олсон Анарын бичиж үлдээсэн захидлыг гаргаж ирээд
-Энэ юу юм бэ? За яахав. Анар залуу насны ааг омгоор сэтгэлдээ бууснаа бичсэн байж болох юм. Гэтэл чи үүнийг нандигнан хадгалдгийн учир юу вэ? энэ бүхнийг мэдсээр байж мэдэхгүй царайлах ёстой байсан юмуу гэсээр тэдний үл ойлголцох байдал улам ширүүсчээ. Анар хийх ажилгүй дотуур байрандаа хэвтэж байгаад Сугар багшийндаа очмоор санагдан тэдний хаалганы гадна ирлээ. Хаалга түгжээгүй байхыг анзааран шууд л явж ортол Сугар ууртай догшин амьтан өрөөгөөр холхин Дүүриймаа асгартал уйлж суув. Yүнийг харсан Анар юу болсныг гадарлан яах ч учраа олохгүй зогстол Анарын орж ирсэнийг сая л мэдсэн Сугар юу ч хэлэлгүй гарч одлоо. Анар Дүүриймаагийн дэргэд суун юу хэлэхээ олж ядан байтал Дүүриймаа нулимсаа арчин хэсэг тайвширч
-Цаад Сугар чинь чи бид хоёрыг ямар учиртай уулздаг юм гээд байх юм. Чи ч гэсэн хэцүү байгаа биздээ. Сургуулиар чинь нэг яриа тарчихсан гэсэн хэмээн гомдсон харцаар газар ширтэн суухад Анар уртаар санаа алдан
-Дүүриймаа эгчээ, та бид хоёрыг хүмүүс юу гэж ч ярьж болно. Би таны хувьд дүү чинь. Харин та миний хувьд хайрлаж явдаг эмэгтэй. Гэлээ ч хүмүүсийн боддог шиг тийм харьцаа та бид хоёрын хооронд байхгүй болохоор Сугар багш таныг ойлгох байхаа. Тэгээд ч би дахиж танайхаар ирэхээ больё. Би ч ёстой өөдгүй амьтан юм даа. Айлын амьдралд зовлон учруулж байдаг хэмээн хоолой нь зангиран гарч гүйлээ. Энэ өдрөөс хойш нэлээд хэд хоногийн дараа Анарын ангийнхан эмнэлэгийн зүг гүйцгээх болжээ. Өөртөө гутарсан Анар орой болгон архи уун сэтгэлээ зогоож явсаар зам хөндлөн гарах гээд машинд дайруулжээ. Түүнийг осолд орсон сургийг сонссон Дүүриймаа санаа зовон очиж уулзмаар байсан ч Сугар болоод тэдний сургуулийнхнаас цэрвээд чадсангүй. Анар эмнэлэгт нэлээд хэд хоног ухаангүй хэвтжээ. Эмнэлгийн дүн шинжилгээгээр түүний хөлийг тайрч авахаас өөр аргагүй болсныг сонссон сургуулийн захиргаа, анги хамт олон нь ч сэртхийн цочлоо. Хайран залуу нас, түүний төлөө харамсахад ч багадмаар. Анар ч өөрийгөө ийм болсныг мэдээд итгэж ядан энэ хорвоо дээр амьд явах ч хүсэлгүй болжээ. Ангийнхнаас нь өөр ойр дотны хүн байхгүй болохоор тэднийхээ дэмээр өдөр хоногийг өнгөрөөж хэвтэнэ. Дүүриймаа түүний хөлгүй болсныг сонсоод Сугараас гуйж байж нэг очихоор болжээ. Анарын хэвтэх өрөөний үүдэнд ирж зогсон орохоос зүрхшээн дороо дэмий л эргэлдэн байтал Анарын хуучин найз охин Нараа хажууд нь ирж
-Та Анартай уулзах гэж ирээ юу? Саяхан сэрсэн. Та ор л доо гэхэд Дүүриймаа юу ч хэлэлгүй өрөөрүү орлоо. Анар нилээд туржээ. Түүний хөрслөг бор царай цонхийж цайгаад, нүд нь гархилан байх агаад хөнжил доорх тайруулсан хөл нь анзаарагдан байв. Дүүриймаа хэлэх үгээ олж ядан
-Бие чинь гайгүй юу? Эгч нь чам дээр ирэх гэсээр байгаа удчихлаа гэсэнд Анар зовинонгуй
-Би зүгээр дээ. Таныг харсан чинь харин ч сайхан болчихлоо. Сугар багш саяхан ирээд таныг удахгүй ирнэ гэж хэлсэн хэмээн өнөөх л хүүхэд шиг төрхөө гарган хэлэв. Тэд нэлээд удаан хугацаанд уулзаагүй болохоор бие биенээ их үгүйлжээ. Анар Дүүриймаагийн царайг ширтэн хэвтэхдээ
-Дүүриймаа эгчээ. Таныг би маш их санасан. Yнэнийг хэлэхэд би таныг ирэхгүй болохоор чинь дотроо гомдож л байлаа. Хөлгүй болчихоод сэтгэлээр унаж суухдаа ядаж царайг чинь нэг удаа ч болсон харчихаад үхэх юмсан ч гэж бодож байлаа гээд нулимс унагахад Дүүриймаа түүнийг жаахан ч гэсэн тайвшруулахаар
-Юу гэсэн үг вэ? үхнэ гэж ярьж болохгүй шүү. Чамайг ч гэсэн эгч нь их саналаа хэмээн тэд ярилцан суусаар нэлээд удлаа. Дүүриймаа гэртээ харих замдаа яагаад ч юм өөрөө ч түүнд ингэтлээ татагдаж буйгаа ихэд гайхан явлаа. Анартай уулзах бүрт сэтгэл хөнгөрч, инээж дуулмаар санагдаад, уулзахгүй удахаар бачимдаад байж суух газраа олж ядан байдаг болохоор өөрийгөө ч ойлгоход бэрх болсон ажээ. Гэлээ ч Дүүриймаа Анарыг дүү шигээ л боддог учир Анарт түүнээс ойр дотны хүн байхгүй гэдгийг ойлгон түүнд туслахаар эмч нартай нь уулзан илүү сайн эмчилгээ хийлгэхээр хөөцөлдлөө. Дүүриймаа Анарын бичиг баримтыг хөөцөлдөж яваад санаанд ормооргүй нэгэн зүйлтэй таарчээ. Анарын эрүүл мэндийн дэвтэр дээр Мөнх-Очир овогтой Дөлгөөн гэсэн байлаа. Yүнийг уншаад эхэндээ өөр хүний дэвтэр андуураад авчихсан байна гэсэн ч гэнэт толгойд нь өөрийнх нь төрсөн хүү нь орж ирлээ. Тиймээ, Мөнх-Очирын Дөлгөөн гэсэн нэр үнэхээр түүний хүүгийн овог нэр. Дүүриймаа ухаан жолоогүй гүйсээр эмнэлэг дээр ирж Дөлгөөнийг хайтал Дөлгөөн гэж хүн огтхон ч хэвтээгүй байжээ. Yнэн хэрэгтээ Дөлгөөн бол Анар байсныг ойлгосон тэрээр энэ бүхэн арай зүүд биш байгаа гэж итгэж ядан балмагдана. Хорвоо гэдэг тааж мэдэхийн аргагүй оньсого гэлтэй. Ээж хүү хоёр ийм сонин тохиолдлоор учирсан нь үгээр хэлэхийн аргагүй зүйл ажээ. Дүүриймаа Анарын өрөөнд амьсгаадан гүйж орж ирээд орон дээр хэвтэх Анарыг тэврэн
-Yр минь, хүү минь. чи минь ээждээ хүрээд ирлээ гэж үү хэмээн мэлмэртэл уйлтал Анар гайхан
-Дүүриймаа эгчээ, яасан бэ, юу болсон юм бэ? гэхэд Дүүриймаа
-Миний хүү ээжийгээ уучлаарай, энэ олон жил ээж нь чамайг санаж дотроо хатаж явлаа. Ээжийгээ уучлаарай гэсээр уйлан байлаа. Дүүриймаа жаахан тайвширч Анарт болсон бүх явдлыг ярив. Энэ бүхнийг чимээгүйхэн сонсож хэвтсэн Анар амьдралын өмнө дахин өвдөг сөхрөн, тэсвэр алдаж
-Энэ бүхэн үнэн гэж үү. Миний ээж бурхан болсон шүү дээ. Дүүриймаа эгчээ та тэгээд миний ээж гэж үү? Би итгэж чадахгүй нээ гэсээр асгарах нулимсаа барьж чадалгүй уйллаа. Дүүриймаа хүүгээ орхиж уучлашгүй алдаа хийсэндээ өдийг хүртэл шаналж явсан юм. Тэрээр хүүгийнхээ царайг дахин олж харахгүй гэдгээс айж, залбирч явсан хэдий ч ийнхүү сонин учралаар хүүгээ олсон нь баяр гунигийн алин гэдгийг хэлэхэд хэцүү. Анарын хувьд хүлээн зөвшөөрөхөд бэрх боловч үнэн юмыг үгүйсгэх аргагүй билээ. Сэтгэл зүрхэндээ хайрлаж явсан энэхүү эгчмэд бүсгүйгээс хүй тасарсан хүү нь байсандаа баярлах уу, эсвэл гуних уу. Гэлээ ч энэ бол зөн совингоороо мэдэрсэн хүүгийн хайр байсан гэдгийг Анар ухаарсан юм.
Зах хязгааргүй үргэлжлэх амьдралын бартаат замаар өгсөж уруудан явахдаа эх үр хоёрын биенээ санагалзан үгүйлэх ариун нандин хүйн холбоог хайр сэтгэлээр андуурсан нь хэнийх нь ч буруу бишээ. Хүслээр болдоггүй хүний амьдралын шалгуурыг давж чадсан эх үр хоёр ийнхүү биенээ олсон билээ. Магадгүй тэдэнд ойлгож мэдэхийн аргагүй олон олон бэрхшээл байх ч амьдралыг хатуугаар биш зөөлнөөр харахад л аяндаа сэтгэлийн урсгалаар болдог ажээ.

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив